Монгол Улсад 2026 оны Наймдугаар сард зохион байгуулсан COP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хангамж, нийтийн тээврийг сайжруулах чиглэлээр 400 орчим сая ам.доллар буюу 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татах боломж бүрдсэнийг нийслэлийн удирдлагууд мэдээлсэн.
Тодруулбал, Наймдугаар сарын 24-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй (GGGI) 250 сая ам.доллар буюу ойролцоогоор 902 тэрбум төгрөг хүртэлх хөрөнгө оруулалт татахаар санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд цэвэр дулаан хангамж, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хуримтлуулах батерей, байгальд ээлтэй барилга, нийтийн тээврийн төслүүдийг хөгжүүлэхээр төлөвлөснөө зарлаж байв.
Мөн Дэлхийн банкны групптэй хотын хөгжлийн гурван чиглэлд урт хугацааны хөрөнгө оруулалт татах асуудлыг хэлэлцэж, Хятадын BYD компанитай нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах боломжийг судалсан.
Эдгээр болон бусад хамтын ажиллагааны хүрээнд нийслэл нийт 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татах боломжтой гэж мэдээлсэн бөгөөд GGGI-тай тохирсон 902 тэрбум төгрөг энэ дүнд багтана.
Гэхдээ уг санхүүжилт бүрэн батлагдаж, нийслэлд шилжсэн гэсэн үг биш бөгөөд төслүүдийн санхүүжилтийн нөхцөл, хөрөнгө оруулагчдын оролцоо, хэрэгжүүлэх хугацааг эцэслэн шийдвэрлэх ажил үргэлжилж байгаа юм.
Эх сурвалж: МУЗГ, Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент

