Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 20}

Instagram хэрэглэгчид Story-гоо нийтэлсний дараа 15 минутын дотор засварлах боломжтой боллоо

Л.АззаяаЛ.Аззаяа

Instagram нийгмийн сүлжээ хэрэглэгчдийнхээ удаан хугацаанд хүсэж байсан шинэ боломжийг нэвтрүүллээ. Тодруулбал, хэрэглэгчид нийтэлсэн Story-ныхоо текст, хөгжим, стикер болон зурмал элементүүдийг 15 минутын дотор засварлах боломжтой болжээ.


Энэ талаар Instagram-ийн тэргүүн Адам Моссери 2026 оны арваннэгдүгээр сарын 18-нд өөрийн Instagram хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Тэрбээр хэрэглэгчид ийм боломжийг удаан хугацаанд хүсэж байсан тул шинэчлэлийг нэвтрүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлжээ.

Өмнө нь хэрэглэгчид Story нийтэлсний дараа үг үсгийн алдаа гаргасан, хөгжим буруу сонгосон эсвэл стикерээ мартсан тохиолдолд тухайн Story-г устгаж, дахин нийтлэх шаардлагатай байсан. Ингэснээр өмнө нь цугларсан үзэлт, лайк болон хэрэглэгчдийн хариу үйлдлүүд устдаг байв.

Харин шинэ боломжийн тусламжтайгаар эдгээр үзүүлэлтийг хадгалан засвар хийх боломжтой болж байгаа юм. Засварласан Story дээр бусад хэрэглэгчдэд өөрчлөлт оруулсныг илтгэх “Edited” гэсэн тэмдэглэгээ харагдана. Гэхдээ нийтэлсэн зураг, бичлэгийн үндсэн файлыг өөрчлөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, буруу зураг эсвэл бичлэг оруулсан бол өмнөх шигээ устгаж, дахин нийтлэх шаардлагатай. Мөн бусад хэрэглэгч өмнө нь тухайн Story-г өөрийн хуудсанд дахин хуваалцсан бол засвар хийх үед уг хуваалцсан хувилбар устах аж.

Түүнчлэн Facebook-тэй зэрэг хуваалцсан болон зарим тусгай стикер ашигласан Story-д засварлах функц харагдахгүй байж болохыг мэдээлжээ.

Шинэчлэлтэй зэрэгцэн Instagram Story бүтээх хэсэгтээ бусад өөрчлөлтүүдийг нэвтрүүлж байна. Тухайлбал, стикерийн шинэ фонт, өнгө, дүрсийн сонголтууд нэмэгдсэнээс гадна олон зураг нэг дор сонгон нийтлэхэд хялбар болгожээ. Мөн дэлгэцийн хэмжээнд таарахгүй зурагт бүдэгрүүлсэн, өнгөт болон градиент дэвсгэр нэмэх боломж бүрдсэн байна.

Шинэ функц 2026 оны Арваннэгдүгээр сарын 18-наас эхлэн хэрэглэгчдэд үе шаттай нэвтэрч байгаа бөгөөд бүх хэрэглэгчийн аккаунтад нэгэн зэрэг идэвхжихгүй байж болзошгүй аж.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!