АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бейсболын дээд лигийн бүх цаг үеийн дээд амжилтын эзэн Пете Рөүз агсны татварын хэрэгт өршөөл үзүүлснээ мэдэгдлээ. Тэрбээр Рөүзийг бейсболын Алдрын танхимд багтаах ёстой гэсэн байр сууриа дахин илэрхийлжээ.
Трамп өөрийн Truth Social цахим хуудсаар дамжуулан уг шийдвэрээ зарлаж, Рөүзийн спортын амжилтыг өндрөөр үнэлсэн байна. Пете Рөүз мэргэжлийн бейсболын дээд лигт (MLB) тоглох хугацаандаа 4256 амжилттай цохилт хийсэн бөгөөд энэ үзүүлэлтээрээ өнөөг хүртэл дээд амжилтыг эзэмшдэг.
Тэрбээр 1963 онд лигийн шилдэг шинэ тоглогчоор шалгарч, карьерынхаа турш 17 удаа Бүх оддын тоглолтод сонгогджээ. Мөн 1973 онд Үндэсний лигийн хамгийн үнэ цэнтэй тоглогч, 1975 онд аваргын цувралын шилдэг тоглогчоор тодорч, Дэлхийн цувралд гурван удаа түрүүлсэн юм.
Гэвч Рөүз “Цинциннати Редс” багийн дасгалжуулагчаар ажиллаж байхдаа бейсболын тэмцээнүүдэд бооцоо тавьсан нь тогтоогдож, 1989 онд тус спортын үйл ажиллагаанд оролцох эрхээ бүх насаар нь хасуулсан байна.
Үүнээс нэг жилийн дараа тэрбээр дөрвөн жилийн хугацаанд олсон 354,968 ам.долларын орлогоо татварын тайланд тусгаагүйгээ хүлээн зөвшөөрч, таван сар хорих ял эдэлж, 50 мянган ам.долларын торгууль төлжээ. Трампын энэ удаагийн өршөөл нь түүний татварын хэрэгт хамаарч байгаа аж.
Харин MLB-ийн комиссар Роб Манфред 2025 оны тавдугаар сард Рөүзийг тус лигийн эрхгүй хүмүүсийн жагсаалтаас хассан нь Алдрын танхимд нэр дэвших боломжийг нээсэн. Түүнийг Алдрын танхимд сонгох эсэхийг 2027 оны арванхоёрдугаар сард хэлэлцэхээр төлөвлөжээ.
Пете Рөүз 2024 оны есдүгээр сард 83 насандаа таалал төгссөн бөгөөд түүний спортын амжилт болон сахилга, ёс зүйн зөрчилтэй холбоотой маргаан өнөөг хүртэл үргэлжилсээр байна.
Эх сурвалж: Reuters

