Монгол Улсад 2026 оны Наймдугаар сард зохион байгуулсан COP17 хурлын үеэр ой хамгаалах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх чиглэлээр нийт 1.6 их наяд төгрөгтэй дүйцэх санхүүжилтийн боломж бүхий гурван хамтын ажиллагааг эхлүүлжээ.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар Европын хөрөнгө оруулалтын банктай 200 сая евро буюу ойролцоогоор 792 тэрбум төгрөгийн санхүүжилтийн багц бүрдүүлэх зорилгоор эрмэлзлийн захидал байгуулсан. Үүнд Европын Холбооны буцалтгүй тусламж, Европын хөрөнгө оруулалтын банкны 100 сая евро хүртэлх хөнгөлөлттэй зээл болон бусад эх үүсвэрээс татах хөрөнгө багтана. Санхүүжилтийг ойн хамгаалалт, нөхөн сэргээлт, орон нутгийн бизнес, ажлын байрыг дэмжихэд чиглүүлэхээр төлөвлөж байна.
Мөн Дэлхийн банк групптэй “Тогтвортой эдийн засаг ба газрын нэгдсэн менежмент” (SMILE) хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.доллар буюу ойролцоогоор 361 тэрбум төгрөгийн санхүүжилтийн боломж бүрдүүлэхээр хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ. Энэ нь газрын зохистой ашиглалт, байгаль хамгаалал, орон нутгийн эдийн засгийг дэмжихэд чиглэнэ.
Үүнээс гадна уул уурхайн компаниуд газрын нөхөн сэргээлтэд 130 сая ам.доллар буюу ойролцоогоор 469 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах талаар мэдээлсэн. Энэ хүрээнд говийн бүсийн 5000 га хүртэл талбайд загийн ойжуулалт хийх зэрэг төслийн боломжийг судалж байна.
Эдгээр нь санхүүжилтийн боломж, хөрөнгө оруулалтын амлалтууд бөгөөд бүх мөнгө эцэслэн батлагдаж, олгогдсон гэсэн үг биш юм. Арваннэгдүгээр сарын 19-нд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Европын Холбоо болон Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөлтэй уулзаж, ойн салбарын санхүүжилтийг бодит төсөл болгох бэлтгэл, хөрөнгө оруулалтын чиглэлийн талаар хэлэлцжээ. Төслүүдийг эхлүүлэх нэгдсэн хугацаа одоогоор тодорхой зарлагдаагүй байна.
Эх сурвалж: МУЗГ, БОУАӨЯ, Европын Холбоо, МОНЦАМЭ агентлаг

