Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нөлөөллийн хамтарсан судалгаагаа эцэслэж, төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ. Судалгааны үр дүн, зөвлөмжийг ирэх арванхоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар хоорондын комисст танилцуулахаар болсон байна.
Хоёр улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 19-нд Москва хотноо хуралдаж, хоёр жилийн турш хийсэн судалгааныхаа эцсийн тайланг ОХУ-ын Шинжлэх ухааны академид хүлээлгэн өглөө.
Тус судалгаагаар "Эгийн голын усан цахилгаан станц"-ын төсөл Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын экосистемд хэрхэн нөлөөлөхийг иж бүрэн үнэлсэн байна.
Хэлэлцүүлэгт Монголын талаас ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлээр ахлуулсан 10 эрдэмтэн, шинжээч, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Рэгдэл, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа, Усны газрын дарга З.Батбаяр нар оролцжээ.
Харин ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, ШУА-ийн ерөнхийлөгч Г.Я.Красников, академич И.В.Бычков тэргүүтэй 20 эрдэмтэн, шинжээч оролцсон байна. Төслийн дараагийн шатны шийдвэрийг Засгийн газар хоорондын хэлэлцүүлгийн үр дүнтэй уялдуулан гаргах аж.

