Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 20}

Монгол Улс хүүхэд хамгааллын бодлого, шинэчлэлээ олон улсын бага хуралд танилцууллаа

AdminAdmin

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Филиппиний Манила хотод болсон хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох асуудлаарх дэлхийн сайд нарын хоёрдугаар бага хуралд оролцлоо. Тус хуралд хүүхэд хамгааллын хууль эрх зүйн шинэчлэл, анхан шатны үйлчилгээний хүртээмж, мэргэжлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж буй ажлуудыг танилцууллаа.


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир арваннэгдүгээр сарын 18-19-нд Филиппиний Манила хотод зохион байгуулсан “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох асуудлаарх дэлхийн сайд нарын хоёрдугаар бага хурал”-д оролцож, Монгол Улсын хүүхэд хамгааллын салбарын бодлого, шинэчлэлийн талаар мэдээлэл өгчээ.

Монгол Улс 2024 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталж, 2026 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүний хүрээнд хүүхдэд сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлэх, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах, нөхөн сэргээх болон хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний стандартуудыг батлан мөрдүүлж байна.

Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор улсын хэмжээнд сум, хороодод хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны 770 орчим орон тоо бий болгожээ. Үүнээс гадна хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэгтэй 34 улсын байцаагч ажиллаж байгаа аж.

Түүнчлэн цагдаа, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч буйг салбарын сайд онцоллоо.

Хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сан олон жилийн турш бодлого, хөтөлбөрийн түвшинд дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд цаашид хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчинд өсөж хөгжих эрхийг хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр зорьж байна гэв. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!