Францын Ерөнхийлөгчийн албан ёсны өргөө болох Елисейн ордны дотор ханын өнгөлгөөнд 171 килограмм дахин боловсруулсан хуванцар ашиглажээ.
Францын Le Pavé компани 2024 оны Нэгдүгээр сард уг төслөө олон нийтэд танилцуулсан бөгөөд ордны дотоод засварын ажилд зориулан нийт 171 килограмм хуванцар хаягдлыг өнгөлгөөний материал болгон хувиргасан байна.
Төслийн хүрээнд өндөр нягтралтай полиэтилен (HDPE) хуванцрыг дахин боловсруулж, Le Pavé компанийн SoftSurface технологиор гоёл чимэглэлийн хавтан үйлдвэрлэжээ. Хавтангуудыг цагаан суурьтай, улаан, цэнхэр өнгийн хээтэйгээр бүтээж, Францын төрийн сүлд, бичвэр болон бусад чимэглэлийг нарийн зүсэлт, шигтгээний аргаар урласан байна. Загварыг Gabriel Leuliet, Moana Pestureau нар боловсруулж, Projet Brut, Actu Plast болон AL Design компаниуд үйлдвэрлэл, угсралтад оролцжээ. Үүгээр хаягдал хуванцраар хийсэн хавтанг түүхэн барилгын дотоод засалд ашиглах боломжтойг харуулсан байна.
Уг төсөл нь хуванцар хаягдлыг зөвхөн дахин боловсруулах бус, өндөр чанартай барилгын болон гоёл чимэглэлийн материал болгон ашиглах боломжийг харуулсан томоохон алхам болсон юм. Ингэснээр шинэ түүхий эдийн хэрэглээ, барилгын засвар шинэчлэлээс үүдэх байгаль орчны нөлөөллийг бууруулахын зэрэгцээ хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах ач холбогдолтой. Le Pavé компанийн энэхүү туршлага нь төрийн байгууллага, олон нийтийн барилга болон орон сууцны дотоод засалд дахин боловсруулсан материалыг өргөнөөр нэвтрүүлэх боломжийг харуулжээ.
Эх сурвалж: Le Pavé

