Германы физикч Вильхельм Конрад Рентген (Wilhelm Conrad Röntgen) 1895 оны Арваннэгдүгээр сарын 8-нд өмнө нь шинжлэх ухаанд мэдэгдээгүй шинэ төрлийн цацрагийг нээжээ.
Тэрбээр Германы Вюрцбургийн их сургуулийн лабораторид туршилт хийж байхдаа нүдэнд үл үзэгдэх, биетийг нэвтлэх чадвартай цацраг илрүүлж, тэрхүү туяаг X туяа хэмээн нэрлэсэн байна. Энэхүү нээлт нь физикийн шинжлэх ухаанд төдийгүй анагаах ухааны хөгжлийн түүхэнд томоохон өөрчлөлт авчирсан юм.
Рентген тухайн үед катодын туяаны хоолой ашиглан туршилт хийж байхдаа гэрэл нэвтрүүлэхгүй материалаар бүрхсэн хоолойноос үл үзэгдэх цацраг ялгарч, ойролцоох гэрэлтдэг дэлгэцэд нөлөөлж байгааг ажиглажээ. Үргэлжлүүлэн судалснаар уг цацраг цаас, мод болон хүний биеийн зөөлөн эдийг нэвтэлдэг боловч яс, металл зэрэг нягт бүтэцтэй биетэд өөрөөр шингэдэг болохыг тогтоосон байна. Тэрбээр 1895 оны арванхоёрдугаар сард эхнэр Бертагийнхаа гарын яс, хуруундаа зүүсэн бөгжийг харуулсан алдарт рентген зургийг авчээ. Энэ нь X туяаг ашиглан хүний биеийн дотоод бүтцийг дүрслэх боломжтойг харуулсан түүхэн баримт болсон юм.
Уг нээлтийн ачаар эмч нар хүний биеийг мэс заслын аргаар нээхгүйгээр ясны хугарал, гэмтэл болон зарим өвчний шинж тэмдгийг оношлох боломжтой болжээ. X туяаны хэрэглээ богино хугацаанд дэлхий даяар түгэн, анагаах ухааны оношилгоо, эмчилгээний салбарт нэвтэрсэн байна. Нээлтийн шинжлэх ухааны ач холбогдлыг үнэлэн Вильхельм Конрад Рентгенд 1901 онд физикийн салбарын анхны Нобелийн шагналыг олгожээ.
Өдгөө Рентгений нээлт нь орчин үеийн дүрс оношилгооны үндэс суурийн нэг хэвээр байна. X туяанд тулгуурласан рентген зураг, компьютер томографийн шинжилгээг дэлхий даяар өвчнийг илрүүлэх, оношлох, эмчилгээ төлөвлөхөд өргөн ашиглаж байна. Түүний нээлтийг дурсах зорилгоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 8-ны өдрийг Дэлхийн дүрс оношилгооны өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ нь шинжлэх ухааны нэгэн нээлт хүн төрөлхтний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн өөрчилсний тод жишээ юм.
Эх сурвалж: wilhelmconradroentgen.de

