Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 09}

АИ-92 бензиний 11 хоногийн нөөцтэй ч ШТС-ууд бүрэн хэвийн ажиллахгүй байна

С.СумхүүС.Сумхүү

ОХУ-аас нийлүүлэх шатахууны тээвэрлэлт эрчимжиж, арваннэгдүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө АИ-92 автобензин ачсан 104 вагон Монгол Улсын хилээр нэвтэрчээ. Шатахууны шуурхай штабаас өнөөдөр мэдээлснээр улсын хэмжээнд АИ-92 бензиний 11, дизель түлшний 30 хоногийн нөөцтэй байна гэж буй боловч бодит нөхцөл байдал дээр ШТС-ууд хэвийн ажиллахгүй байна.


ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдээс нийлүүлэх шатахууны тээвэрлэлт төмөр замын засварын ажил, вагон эргэлтийн удаашралаас шалтгаалан саатаад байсан юм. Харин сүүлийн өдрүүдэд тээвэрлэлт нэмэгдэж, Улаанбаатар төмөр замд ирсэн АИ-92 бензин ачсан 153 вагон буюу 9,108 тонн бүтээгдэхүүнээс 126 вагон буюу 7,500 тонныг буулгаж, түгээх ажил үргэлжилж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн ШТС-уудаар 1,200 тонн, орон нутгийн ШТС-уудаар 1,300 орчим тонн АИ-92 бензин борлуулжээ.

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 24 мянган тонн, дизель түлшний 120 мянган тонн, онгоцны түлшний 7,700 тонн буюу тус бүр 11, 30, 37 хоногийн нөөцтэй байна. Энэ нь арваннэгдүгээр сарын 3-ны үзүүлэлттэй харьцуулахад АИ-92 бензиний нөөц нэг, дизель түлшнийх хоёр хоногоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор энэ сард 92 мянган тонн шатахуун импортлохоор захиалга баталгаажуулсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлсэн. Мөн импортын шатахууныг шуурхай буулгаж, түгээлтэд шилжүүлэхийн зэрэгцээ дотоодын хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэв. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!