Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн сод төлөөлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч, удирдаач Дагвын Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд түүний туурвисан өв их уран бүтээлийг эргэн дурсах, хойч үедээ сурталчлан таниулах зорилготой хүндэтгэлийн тоглолтыг энэ оны Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулахаар товложээ.
Өөрөө түүх болсон нэрт хөгжмийн зохиолч
Д.Лувсаншарав нь 1926 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт төрж, бага залуу наснаасаа соёл урлагийн салбарт хөл тавин, Монголын хөгжмийн урлагийг үндэсний болон сонгодог хэлбэрээр хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан түүхэн зүтгэлтэн юм. Тэрээр Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторийг найрал дууны удирдаачийн мэргэжлээр төгссөн бөгөөд Улсын Хөгжимт Драмын Театр болон Улсын Дуурь Бүжгийн Театрт уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар олон жил ажиллаж, үндэсний дуурийн болон сонгодог найрал дууны урлагийн суурийг гүнзгий бүтээлцэж байжээ.
Монголын хөгжмийн урлагийг үндэсний ба сонгодог хэлбэрээр хөгжүүлэхэд оруулсан түүний жинтэй хувь нэмэр, уран бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж 1951 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин, 1963 онд Төрийн шагнал, 1981 онд Ардын жүжигчин, 2000 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг тус тус хүртэж байжээ.
Монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн олон зуун дуу, романс, дуурь, бүжгийн хөгжим туурвисан түүний бүтээлүүд нь ардын дууны баялаг аялгууг сонгодог арга барилтай хослуулснаараа онцлогтой.
Тэрээр "Шивээ Хиагт", "Хан бүргэд" зэрэг дуурь, "Нарны домог" бүжгэн жүжиг болон монгол хүн бүрийн сэтгэлд мөнхөрсөн "Хэрлэн", "Манай сургуулийн танхим", "Маамуу нааш ир" зэрэг 300 гаруй дуу, найрал дууны уран бүтээлээрээ Монголын соёлын сан хөмрөгийг баяжуулсан билээ.

Хүндэтгэлийн тоглолтын бүрэлдэхүүн ба оролцогчид
Арваннэгдүгээр сарын 27-нд болох ойн хүндэтгэлийн тоглолтод Монголын соёл, урлагийн манлайлагч байгууллагууд болон үе үеийн шилдэг уран бүтээлчид нэгэн тайзнаа цугларан их мастерт хүндэтгэл үзүүлэх юм.
Оролцох соёл, урлагийн байгууллагууд:
УДБЭТ-ын Гоцлол, Найрал дуучид
УДБЭТ-ын Балетын жүжигчид
Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ (удирдаач Ц.Тэлмүүн-Очир)
Үндэсний Урлагийн Их Театрын Найрал дуучид
АЖ, ТШ, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит Бүжгийн чуулга
Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал
"Улаанбаатар" театрын уран бүтээлчид
Оролцох нэрт уран бүтээлчид:
МУХБ, Ардын жүжигчин А.Долгор
Чингис хаан одонт дуучин, МУГЖ Б.Дашдондог
Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам
МУАЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа
МУГЖ У.Далантай
"Нюанс" хамтлагийн ахлагч, дуучин М.Амарсанаа
Төгөлдөр хуурч С.Алимаа
"Sweetymotion" хамтлаг зэрэг эстрад, сонгодог болон үндэсний урлагийн төлөөллүүд оролцоно.
Энэхүү ойн тоглолт нь Монголын хөгжмийн урлагийн алтан үеийн түүхийг эргэн санаж, Д.Лувсаншаравын үлдээсэн соёлын өв, аялгуу эгшгийн арвин сан хөмрөгийг түмэн олондоо дахин эгшиглүүлэх урлагийн үдэш болох юм.

