Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн (ECDC) Арваннэгдүгээр сарын 5-нд нийтэлсэн мэдээллээр Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Эбола вирусийн халдварын дэгдэлт эрчимжиж Арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар 10,668 хүн халдвар авч, 5,198 хүн нас баржээ. Халдварын улмаас нас барсан хүний хувь 48.7 орчим байгаа нь дэгдэлтийн ноцтой байдлыг харуулж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр, 2026 оны Тавдугаар сараас эхэлсэн уг дэгдэлт нь Эбола вирусийн Bundibugyo төрөлтэй холбоотой бөгөөд Конго улсын найман мужийн 67 эрүүл мэндийн бүсэд тархжээ. Хамгийн олон тохиолдол Итури болон Умард Киву мужид бүртгэгдсэн байна. Халдварын тархалтыг хязгаарлахад өвчтөнүүдийг эрт илрүүлэх, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх, халдвар авсан хүмүүсийн хавьтлыг бүрэн тогтооход хүндрэл тулгарч байгааг ДЭМБ онцолжээ.
Халдвар Конго улсын хилээс давж, Кени болон Нигери улсад мөн бүртгэгдсэн. Кени улсад Аравдугаар сарын 26-ны байдлаар есөн хүн халдвар авч, хоёр хүн нас барсан бол Нигери улсад нэг тохиолдол батлагджээ. Нигерид халдвар авсан иргэнийг Швейцарт шилжүүлэн эмчилж байгаа бөгөөд халдварын цаашдын тархалтаас сэргийлэх зорилгоор холбогдох улс орнууд тандалт, хяналтаа эрчимжүүлсэн байна.
Эбола вирус нь халдвар авсан хүний цус, биеийн бусад шингэн болон тэдгээрээр бохирдсон эд зүйлстэй шууд хүрэлцэх замаар дамждаг. Халдварын нууц үе 2–21 хоног үргэлжилдэг бөгөөд халуурах, ядрах, толгой болон булчин өвдөх зэрэг шинж тэмдгээр эхэлж, улмаар бөөлжих, суулгах, зарим тохиолдолд цус алдах шинж илэрч болзошгүй. Одоогоор энэ дэгдэлтийг үүсгэж буй Bundibugyo төрлийн вирусийн эсрэг тусгайлан зөвшөөрөгдсөн вакцин, эмчилгээ байхгүй тул халдварын тандалт, эрт оношилгоо, дэмжих эмчилгээ чухал хэвээр байна.
Африк тивд зорчиж буй иргэд юуг анхаарах вэ?
ДЭМБ одоогоор Эбола вирусийн дэгдэлттэй холбоотойгоор улс орнуудын хил, олон улсын зорчих хөдөлгөөнийг нийтээр хязгаарлахыг зөвлөөгүй ч халдвар бүртгэгдсэн бүс нутагт зорчих иргэдийг эрүүл мэндийн хамгаалалтын арга хэмжээг чанд мөрдөхийг анхааруулж байна. Ялангуяа Конго болон халдвар бүртгэгдсэн бусад бүс нутагт зорчихдоо өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр харьцах, хүний цус болон биеийн бусад шингэнд хүрэх, зэрлэг амьтны мах хэрэглэх, халдварын сэжигтэй хүний оршуулгын үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх шаардлагатай.
Мөн халдварын дэгдэлттэй бүс нутгаас ирсэн иргэд 21 хоногийн турш биеийн байдлаа ажиглаж, халуурах, толгой болон булчин өвдөх, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл бусад хүнтэй ойр харьцахаас зайлсхийж, эрүүл мэндийн байгууллагад зорчсон газрынхаа мэдээллийг урьдчилан мэдэгдэн, яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. ДЭМБ-ын үнэлгээгээр халдварын эрсдэл Конго улсад маш өндөр, хөрш орнуудад өндөр байгаа бол Африкийн бусад бүс нутаг болон дэлхийн хэмжээнд бага гэж үзэж байна.
Эх сурвалж: Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн (ECDC), ДЭМБ

