Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хуралд цахимаар оролцож, тайлангаа тавьчихаад дахин сошиал мэдэгдэл хийв. Ингэхдээ урьд өмнөхөөс ялгаатай нь илүүтэй нүүрсний асуудлаар дуугарчихлаа.
Нүүрс нүүрс дотроо “Бодь”-ийн нүүрсний асуудал өнөөгийн эрх баригчдыг айлгаж чаддаг сэдэв мөн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албаа хүлээлгэж өгснөөс хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгч, “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо энэ талаар дуугарч байсан. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг нүүрсний сонсголын үеэр “Бодь”-оос 1.5 сая ам.доллар бэлнээр авсан гэж мэдэгдсэн. Үүний дараа Б.Энхбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө тун ч барьц алдсан биеийн хэлэмж үзүүлж байв.
Цаашлаад төмөр замын анхны гэрээ байгуулагдсан өдөр 110 сая ам.долларын авлига гэрчтэйгээр өгөгдсөн гэж Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.
Яг тэр цаг үед “Бодь”-ийн нүүрсний талаар ам нээснээрээ эрх баригчдын зодоон маш богино хугацаанд намжсан гэж харагддаг.
Тийм ч учраас 30-ын талынханд байх тамга хөзөр нь энэ сэдэв байж болно.
30 ч гэж дээ, одоо Х.Нямбаатар ганцаараа л үлдчихээд байх шиг байна. Түүнийг зүгээр л эх орондоо ирээд шалгуул гэхэд дэглэм ярьж, хонгилоор чирэгдэхээс айж байгаа тул Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа очно гэж маш тодорхой ам шүд алдаад буй. Гэхдээ долоо хоног бүр лайв хийхдээ нэг л өдөр нүүрс яриад унах вий гэдгээс нөгөө тал нь ихээхэн айж байжээ.
Учир нь “Голомт”-ын Д.Баясгалан Х.Нямбаатартай уулзахаар Канад руу ниссэн байна.
Д.Баясгалан бол Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээ дагасан “Бодь”-ийн нүүрсний асуудлын гол автор нь, эзэн нь. Хаана ч тал алддаггүйгээрээ гарамгай стратегич. Х.Баттулгын үед төмөр замыг нь ингэж бариад Гавьяат эдийн засагч болчихсон. Л.Оюун-Эрдэнийн үед “Богдхан төмөр зам”-ын тендер аваад л явсан. Нүүрсний сонсгол болоход тэр ямар ч ял замгүй мултарч л байсан. Өнөөдөр ч тэр ялсан талын улс төрд нөлөөтэй байгаагаа баталлаа. Хөшигний ар дахь санхүүжүүлэгчийн имижээ олон жил хадгалж байна.
Харин Х.Нямбаатартай уулзахдаа ойлголцох, тохиролцох гэсэн бололтой. Тэд дөрөө харшуулсан цаг ч бий. Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга байх хугацаанд Улаанбаатар хотын хэмжээний том том тендерүүд “Бодь” болон түүний охин компаниудад очсон. Х.Нямбаатар сул гишүүн байхдаа Д.Баясгаланг үргэлж шүүмжилж байв. Харин Засаг дарга болоод хамтарч ажиллаж эхэлсэн байдаг. “Бодь” өнгөрсөн хугацаанд Нийслэлээс ямар хэмжээний тендерүүд авсныг нээлттэй мэдээллийн сангаас харчихаж болно.
Тэр ч утгаар найдвар тээж очсон боловчиг зорьсон хэрэг нь бүтсэнгүй бололтой. Эх сурвалжуудын өгч буй мэдээллээр, Д.Баясгалантай эхэлж уулзсан, дараа нь лайв мэдэгдлээ хийсэн гэдэг цаг хугацааны дараалал гарч байна.
Гэтэл Х.Нямбаатар нөгөөх Л.Оюун-Эрдэнийн ярьдаг 110 сая ам.долларыг “зөөсөн” гэх эзнээр Ё.Хэрлэнцогийг нэрлэж, дэглэмийн гар хөл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамсаатан гэлээ. Дэглэм “Бодь”-ийн нүүрсний мөнгөөр, тодруулбал “Голомт”-ын Д.Баясгалангаар санхүүжиж байгаа гэсэн утгыг хэлчихлээ. Цаашлаад ил тодоор Д.Баясгалангийн талаар дуугарах болно гэдгээ ч мэдэгдчихлээ.
Тэдний хооронд ямар яриа хэлэлцээр явсан нь тодорхойгүй. Ямартай ч “Голомт”-ыг лайв бичлэгтээ татан оруулж, цоллож эхэлснээс харахад амжилтгүй болсон юм дагуу даа. Х.Нямбаатар Д.Баясгалангаа тэвэрч унахаар шийдсэн гэж харагдаж байна. Гэвч өнөөдрийн цаг үед Д.Баясгаланг ярина гэдэг Х.Нямбаатар өөрийгөө ярина гэсэн үг. Нийслэлийн Засаг дарга байх үед нь том тендерүүд яагаад “Бодь”-д очиж байсныг тайлбарлана гэсэн үг. Нэг ёсондоо үхэхдээ үхэр буугаа тавихын үлгэрээр галтай сэдэв гаргаж тавихын тулд “Голомт”-ын Д.Баясгаланг ярих болж, түүгээрээ өөрийнхөө замыг бүр л бартаа саадтай болгож байна.
Нөгөө талаас, өөрөө гэмтэй учраас тэр арайчиг ил шулуун байж чадсангүй. Бямба гарагийн лайвдаа цухуйлгасан төдий болоод л өнгөрлөө. Илүү ихийг яривал өөрөө ороогдох учраас тэр л дээ.

