Gerelnews
Post

Нийгэм

2026, 11-р сар 05}

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрөөр 50 мянган янданг бууруулж, 55 мянган зээлийн хүсэлтийг шийдвэрлэнэ

С.СумхүүС.Сумхүү

Засгийн газар 2026-2030 онд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, гэр хорооллын 50 мянган янданг бууруулах зорилт тавьжээ. Хөтөлбөрт залуу гэр бүл, төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагчид, олон хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг эх, ахмад настан, хувиараа хөдөлмөр эрхлэгч, гамшгийн улмаас орон гэрээ алдсан өрх зэрэг зорилтот бүлгүүдийг хамруулах бөгөөд хүсэлт гаргасан иргэдийг цахим системээр үнэлж, сонгон шалгаруулалтыг ил тод зохион байгуулахаар төлөвлөжээ.


Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн /2026.11.03/ өдөр сэтгүүлчдэд танилцуулсан мэдээллээр Монгол Улсад 2025 оны байдлаар орон сууцгүй 410 мянган өрх байгаагийн 263 мянга нь Улаанбаатар хотод, 147 мянга нь орон нутагт байна. Эдгээрээс 270 мянган өрхийг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах боломжтой иргэдийг орлогын түвшнээр нь ангилахад 147 мянга нь бага, дунд орлоготой, 123 мянга нь дундаж болон дундаас дээш орлоготой байна. Бага, дунд орлоготой өрхүүдэд түрээс, түрээслээд өмчлөх зэрэг хувилбарыг санал болгох бол дундаж болон дундаас дээш орлоготой өрхүүдийн орон сууц худалдан авалтыг ипотекийн болон орон сууцны зээлийн хөтөлбөрөөр дэмжинэ гэв.

ТӨР 40 МЯНГАН, ХУВИЙН ХЭВШИЛ 60 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ БҮРДҮҮЛНЭ

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, хувийн хэвшлийн барьж ашиглалтад оруулсан болон шинээр барих 60 мянган айлын орон сууцны худалдан авалтыг ипотекийн зээлийн санхүүжилтээр дэмжих юм. Харин төр газар чөлөөлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, орон сууцны өртгийг бууруулах замаар 40 мянган өрхийг орон сууцжуулах зорилт тавьжээ.

УЛСЫН ХЭМЖЭЭНД СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД АШИГЛАЛТАД ОРСОН ОРОН СУУЦНЫ ТОО ЖИЛД ДУНДЖААР 21 МЯНГА ОРЧИМ БАЙНА

Тухайлбал, 2021 онд 17,478, 2022 онд 23,201, 2023 онд 19,196, 2024 онд 19,790 айлын орон сууц ашиглалтад оржээ. Харин 2025 онд 25,894 айлын орон сууц ашиглалтад орсон нь өмнөх дөрвөн жилийн үзүүлэлтээс өндөр байна. Иймд хөтөлбөрийн хүрээнд орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээс гадна иргэдийн худалдан авах чадварыг дэмжих, ипотекийн зээлийн хүртээмжийг өргөжүүлэхэд анхаарах аж.

ТӨРИЙН ОРОЛЦООТОЙ 40 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Төрийн оролцоотой хэрэгжүүлэх 40 мянган айлын орон сууцны төслүүдийн байршил, ашиглалтад орох хугацааг 2026-2030 оноор тооцсон гэв. Төлөвлөгөө ёсоор 2026 онд 3,635, 2027 онд 8,349, 2028 онд 6,650, 2029 онд 9,028, 2030 онд 12,338 айлын орон сууц ашиглалтад оруулахаар тусгажээ.

Эдгээр орон сууцыг нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсүүд, шинээр хөгжүүлэх суурьшлын бүс болон орон нутагт барихаар төлөвлөсөн байна.

Тухайлбал

  • Баянхошуу төсөл: 162 га талбай, 2,267 нэгж талбарыг хамарч, 462 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үүнээс 260-ыг 2026 онд, 202-ыг 2027 онд тус тус ашиглалтад оруулна.
  • Шархад төсөл: 122 га талбай, 2,416 нэгж талбарт хэрэгжих бөгөөд нийт 338 айлын орон сууц төлөвлөжээ. Үүнээс 262 нь 2026 онд, 76 нь 2027 онд ашиглалтад орно.
  • Сэлбэ төсөл: 382.5 га талбайд нийт 8,591 айлын орон сууц барихаар тооцжээ. Үүнээс 5,000 айлын орон сууцыг 2027 онд, 3,591-ийг 2028 онд ашиглалтад оруулна.
  • 17.2  талбайд нийт 5,002 айлын орон сууц барих бөгөөд 2,042 нь 2026 онд, 2,960 нь 2027 онд ашиглалтад орохоор төлөвлөгджээ.

   “1008” АЙЛЫН ОРОН СУУЦЫГ 2026 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

  • Баянголын ам төсөл: 10 га талбайд 2,007 айлын орон сууц барьж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
  • Төрийн албан хаагчдын түрээсийн орон сууц: Орон нутгийн сумдад нийт 567 айлын орон сууц барихаар тооцсон байна. Үүнээс 63-ыг 2026 онд, 111-ийг 2027 онд, 116-г 2028 онд, 277-г 2029 онд ашиглалтад оруулах юм.
  • Бусад төсөл: Нийслэл болон орон нутагт нийт 22,025 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс 936 нь 2028 онд, 8,751 нь 2029 онд, 12,338 нь 2030 онд ашиглалтад орох аж.

Ийнхүү төрийн оролцоотой орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар гэр хорооллын өрхүүдийг орон сууцанд шилжүүлэх, газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах зорилт тавьжээ.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БАЙРШЛААС ХАМААРЧ 6-12 ХУВИАР ТОГТООНО 

Хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийн нөхцөлийг өөрчлөх, зээлийн хүүг орон сууцны байршилтай уялдуулан ялгаатай тогтоох саналыг боловсруулжээ. Зээлийн нийт хугацааг 20 жил байхаар тооцож, эхний гурван жилд жилийн 6 хувийн, үлдсэн 17 жилд 12 хувийн хүүтэй байх хувилбарыг тусгажээ.

Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, дэд төвүүдийг хөгжүүлэх бодлоготой уялдуулан нийслэлийн орон сууцны бүсүүдэд зээлийн хүүг ялгаатай тогтоохоор санал болгосон байна.

Тодруулбал, нэгдүгээр бүсэд жилийн 6 хувийн хүүтэй зээл олгож, олон төвт хотын хөгжлийг дэмжих, дагуул хот, дэд төв болон гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.

Хоёрдугаар бүсэд 8 хувийн хүү тогтоож, шинэ суурьшлын бүсийг дэд бүтцээр хангах, хотын тэлэлтийг хязгаарлах бодлогыг дэмжихээр тооцсон байна.

Гуравдугаар бүсэд 10 хувийн хүү тогтоох саналтай бөгөөд барилгажилт нягтарсан бүсүүдийн одоогийн суурьшлыг хадгалж, амьдрах орчныг сайжруулахад чиглэх аж.

Харин дөрөвдүгээр бүс буюу хотын төвийн төвлөрөл ихтэй хэсэгт 12 хувиас дээш хүүгийн нөхцөл санал болгожээ. Ингэснээр хотын төвийн барилгажилтын нягтралыг бууруулж, иргэдийн орон сууцны эрэлтийг бусад бүс рүү чиглүүлэхээр зорьж буй аж. 

1.8 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР 16 МЯНГАН ӨРХИЙН ЗЭЭЛИЙГ НЭМЭЛТЭЭР САНХҮҮЖҮҮЛНЭ 

Хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд 1.8 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж тооцжээ. Энэ эх үүсвэрээр нийт 16 мянган өрхөд нэмэлт зээл олгохоор төлөвлөсний 14 мянга нь нийтийн зориулалттай орон сууц бол 2,000 нь ногоон амины орон сууцны санхүүжилтэд хамрагдах юм.

Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхдээ зөвхөн орон сууцны барилгад бус, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй ногоон амины орон сууцны худалдан авалтыг дэмжихээр тусгажээ.

“НОГООН НУУР 1008” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 756 ӨРХИЙГ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРУУЛНА

Гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтийг дэмжих нэг төсөл нь “Ногоон нуур 1008” айлын орон сууцны төсөл юм. Тус төслийн хүрээнд нийт 1,008 айлын орон сууцыг 756 өрхийн газар чөлөөлөлт болон 252 өрхийн түр суурьшуулах хэрэгцээнд ашиглахаар төлөвлөжээ. 

Уг төслийг Монгол Улс, БНХАУ-ын хоорондын хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлж, БНХАУ-аас 175.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлжээ. Төслийн үндсэн зохицуулалт нь иргэдийн өмчилж буй газрыг орон сууцаар солих зарчимд суурилж байна. Газар чөлөөлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжүүлэлт гэсэн дөрвөн үе шаттайгаар ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

“СОЛОНГО 1, 2” ХОРООЛЛЫН ОРОН СУУЦНЫ 50 ХУВИЙГ ГАЗРААР СОЛИНО, М2 ТАЛБАЙН ҮНИЙГ 3.9 САЯ ТӨГРӨГ БОЛГОН БУУРУУЛЖЭЭ

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” хорооллын төсөлд нийт 5,002 айлын орон сууц төлөвлөжээ. Энэхүү төслийн орон сууцыг иргэдийн орлого, амьдралын нөхцөлтэй уялдуулан дөрвөн хэлбэрээр олгохоор төлөвлөсөн байна. 

Нийт орон сууцны 10 хувь болох 500 орон сууцыг нь шууд худалдан авах боломжгүй өрхүүдэд түрээсийн хэлбэрээр олгоно. Харин 30 хувийг түрээслээд өмчлөх нөхцөлөөр иргэдэд санал болгохоор тооцжээ. Мөн 10 хувийг Төрийн орон сууцны корпорацтай хамтран өмчлөх хэлбэрээр, үлдсэн 50 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийн газрыг орон сууцаар солиход ашиглахаар төлөвлөжээ.

Ингэснээр орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдүүлэх боломжгүй өрхүүдэд түрээсийн болон хамтын өмчлөлийн сонголт бий болгохын зэрэгцээ газар чөлөөлөлтийг орон сууцны нийлүүлэлттэй уялдуулах юм.

ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДЭД 15, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДАД 18 ХУВИЙН КВОТ ОЛГОНО

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрт хамрагдах иргэдийг зорилтот бүлгээр нь ангилан, орон сууцны тодорхой хувийг хуваарилна. 

Тодруулбал, хөтөлбөрийн хүрээнд:

  • Төрийн үйлчилгээний ажилтнуудад 20 хувь,
  • Ахмад настнуудад 18 хувь,
  • Залуу гэр бүлд 15 хувь,
  • Төрийн бусад албан хаагчдад 15 хувь,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гэр бүлд 10 хувь,
  • Хувийн хэвшилд ажиллагч болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 10 хувь,
  • Өрх толгойлсон эцэг, эхэд 5 хувь,
  • Олон хүүхэдтэй гэр бүлд 5 хувь,
  • Гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 2 хувийг тус тус хуваарилахаар төлөвлөсөн байна.

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ АРИЛЖААНЫ БАНКУУД ЯВУУЛНА 

Хөтөлбөрт хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2026 оны 81 дүгээр тогтоолд оруулах нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин арилжааны банкууд сонгон шалгаруулалтыг явуулж, иргэдийн зээлийн шалгуур, төлбөрийн чадвар болон гэрээний нөхцөлийг мөрдүүлэхээр тусгасан байна.

Мөн иргэдийн зээлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох мэдээлэлд үндэслэн онооны системээр үнэлэхээр танилцуулсан. Энэ нь иргэдийг сонгон шалгаруулах үйл явцад албан тушаалтны шууд оролцоог хязгаарлаж, ил тод, шударга байдлыг хангахад чиглэж буй аж. 

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд орон сууцны нийлүүлэлт, ипотекийн санхүүжилт, газар чөлөөлөлт болон гэр хорооллын дахин төлөвлөлтийг нэг бодлогоор уялдуулахаар төлөвлөжээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зөвхөн барьсан орон сууцны тоогоор бус, гэр хорооллоос орон сууцанд шилжин суурьшсан өрх, бодитоор буулгасан яндан, иргэдэд олгосон зээлийн хүртээмжээр хэмжих нь чухал юм.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!