Gerelnews
Post

Эрүүл мэнд

2026, 11-р сар 05}

Тодорхой давтамжит авиаг хөгжимтэй хослуулан сонсох нь сэтгэл түгших шинж тэмдгийг бууруулах боломжтой

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Канадын Торонто Метрополитан Их Сургууль (Toronto Metropolitan University)-ийн судлаачид тодорхой давтамжит авиаг хөгжимтэй хослуулан сонсох нь сэтгэл түгших шинж тэмдгийг богино хугацаанд бууруулах боломжтойг тогтоожээ.


Судалгаагаар 24 минутын турш ийм төрлийн хөгжим сонсох нь сэтгэл түгшилтийг бууруулахад тохиромжтой хугацаа байж болохыг тодорхойлсон байна. Судалгааны үр дүнг 2026 оны Нэгдүгээр сарын 21-нд PLOS Mental Health эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлжээ.

Судалгааг тус их сургуулийн судлаачид хөгжмийг сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжихэд ашиглах технологи хөгжүүлдэг LUCID компанитай хамтран хийсэн байна. Туршилтад сэтгэл түгшилтийн дунд зэргийн шинж тэмдэгтэй, эм хэрэглэж байсан 144 насанд хүрэгчийг хамруулжээ. Оролцогчдыг дөрвөн бүлэгт санамсаргүй байдлаар хувааж, гурван бүлэгт 12, 24, 36 минутын хугацаанд тодорхой давтамжит авиаг хөгжимтэй хослуулан сонсгосон бол хяналтын бүлэгт 24 минутын турш ягаан шуугиан (pink noise) буюу нам давтамжийн бүрэлдэхүүн давамгайлсан шуугиан сонсгожээ.

Туршилтын үр дүнд хөгжим болон давтамжит авиаг хослуулан сонссон бүлэгт оролцогчдын сэтгэл түгшихтэй холбоотой бодол, санаа зовнил, бие махбодын шинж тэмдэг болон сөрөг сэтгэл хөдлөлийн үзүүлэлт хяналтын бүлгийнхтэй харьцуулахад илүү буурсан байна. Ялангуяа 24 минутын хөтөлбөрийн үр дүн 36 минутын хувилбартай ойролцоо байсан тул судлаачид харьцангуй богино хугацаанд үр дүнд хүрэх боломжтой гэж үзжээ. Гэхдээ хамгийн тохиромжтой хугацааг эцэслэн тогтооход нэмэлт судалгаа шаардлагатайг тэмдэглэсэн байна.

Судалгаанд ашигласан арга нь хөгжмийг auditory beat stimulation (ABS) буюу сонсголын хэмнэлийн өдөөлттэй хослуулдгаараа онцлог юм. Энэ нь сонсголын системд тодорхой хэмнэлийн мэдрэмж үүсгэх зорилгоор ялгаатай давтамжит авиаг ашиглах арга бөгөөд энэ нь ердийн хөгжим сонсохоос ялгаатай. Судлаачид уг арга нь сэтгэл түгших шинж тэмдгийг богино хугацаанд намжаахад дэмжлэг болох боломжтой гэж үзжээ.

Гэхдээ судалгаагаар нэг удаагийн сонсголын өмнөх болон дараах өөрчлөлтийг хэмжсэн тул үр нөлөө удаан хугацаанд хадгалагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Иймээс тус аргыг сэтгэл түгших эмгэгийн үндсэн эмчилгээний оронд хэрэглэх бус, одоо хэрэглэж буй эмчилгээний нэмэлт дэмжлэг болох боломжтой арга хэлбэрээр цаашид судлах шаардлагатай гэсэн үндсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Эх сурвалж: Торонтогийн Метрополитан их сургууль

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!