Gerelnews
Post

Эдийн засаг

2026, 11-р сар 04}

Зуучлагчийг цөөлөхөөс илүү махны үнийг өсгөж буй зардлыг бууруулах нь чухал

С.СумхүүС.Сумхүү

Өвлийн идшээ бэлтгэх цаг ирсэн энэ үед махны үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс 50 гаруй хувиар өсжээ. Энэ жилийн идэшний махны үнэ, иргэдийн худалдан авах чадвар, үнийн өсөлтийн шалтгаан болон улсын нөөцийн махны талаар худалдаачид, иргэд, эдийн засагч, салбарын сайдын байр суурийг хүргэж байна.


Үхрийн мах 31 мянга, хонины мах 27 мянган төгрөг хүрчээ

Хүчит шонхор захад үхрийн махны бөөний үнэ нэг килограмм нь 22,000-25,000 төгрөг байна. Харин жижиглэнгээр 28,000-31,000 төгрөгөөр худалдаалж байв. Хонины гулууз мах бөөний худалдаагаар 17,000-18,000 төгрөг, жижиглэнгээр 25,000-27,000 төгрөгийн үнэтэй байна. Өөрөөр хэлбэл, бөөний болон жижиглэнгийн үнийн хооронд үхрийн маханд 3,000-9,000 төгрөг, хонины маханд 7,000-10,000 төгрөгийн зөрүү гарчээ.

Худалдаачдын хэлж буйгаар “Иргэдийн худалдан авах чадвар муудсан байна. Өмнө нь 250-300 килограмм мах авдаг байсан хүмүүс одоо авч дийлэхгүй байна, одоо дээд талдаа л 150 килограмм орчим мах авч байна” гэлээ.

Харин худалдан авагчдын хувьд махны үнэ өндөр байгааг хэллээ “Өмнө долоо хоногт л гэхэд хонины цул мах 17,500 төгрөгний үнэтэй байсан, сая ирсэн дахиад л нэмэгдчихсэн байна” гэсэн юм.

Өнгөрсөн жилээс 50-56 хувиар нэмэгджээ

Махны үнэ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хэр өөрчлөгдсөнийг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болно. 2025 оны Есдүгээр сард үхрийн ястай мах нэг килограмм нь 20,755 төгрөг байсан бол 2026 оны мөн үед 31,210 төгрөг болжээ. Ингэснээр 10,455 төгрөгөөр буюу 50.4 хувиар нэмэгдсэн байна.

Хонины ястай махны үнэ ч мөн өсжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард 16,696 төгрөг байсан бол энэ оны мөн үед 26,132 төгрөг болж, 56.5 хувиар нэмэгдсэн байна.

Тэгвэл нэг өрх бүтэн үхрийн махаар идшээ бэлтгэхэд хэдэн төгрөг хэрэгтэй болох вэ?

Үхрийн гулууз махыг 140-160 килограмм гэж тооцвол бөөний үнээр 3.08-4 сая төгрөг болно. Харин жижиглэнгийн үнээр авбал 3.92-4.96 сая төгрөгийн зардал гарахаар байна. Энэ нь махны жин, төрлөөс хамаарсан жишиг тооцоо юм.

Махны үнийг зуучлагчийн тоо бус, үр ашиггүй тогтолцоо өсгөдөг

Махны үнэ өсөхөд зөвхөн малын үнэ нөлөөлдөггүй. Малчнаас хэрэглэгчийн гарт хүрэх хүртэл тээвэрлэлт, нядалгаа, хадгалалт, бөөний болон жижиглэнгийн худалдааны зардал нэмэгддэг. Эдгээр шат дамжлага махны эцсийн үнэд хэрхэн нөлөөлж, үнийн өсөлт инфляцтай хэрхэн уялдаж байгааг эдийн засагч Д.Амгалангаас тодрууллаа. 

Мах бэлтгэн нийлүүлэх, тээвэрлэх, бөөний болон жижиглэнгийн худалдааны шат дамжлага олон байгаа нь эцсийн үнэд хэрхэн нөлөөлж байна вэ?

Зуучлагчийг зах зээлээс шахлаа гээд түүний гүйцэтгэдэг тээвэр, хадгалалт, борлуулалтын зардал алга болохгүй. Харин малчин, хоршоо, боловсруулах үйлдвэр, худалдааны сүлжээг кластерын зарчмаар нэгтгэж чадвал давхардсан зардал буурч, бүтээмж өснө. Гол нь зуучлагчийн тоог цөөлөх бус, зуучлалын өртгийг бууруулахад оршино. Зах зээлд олон худалдаачин байх нь гажуудал биш. Харин өрсөлдөөнгүй, үр ашиггүй худалдаа л гажуудал юм. Үнэ өсөхийн буруутныг зуучлагчаас хайхаас өмнө үнэ өсгөж буй тогтолцоог нь судлах хэрэгтэй юм. Зах зээлийг захиргаагаар бус, өрсөлдөөнөөр эрүүлжүүлдэг.

Цалин нэмэгдэж байгаа ч махны үнэ түүнээс хурдан өсвөл иргэдийн бодит худалдан авах чадвар хэрхэн өөрчлөгдөх вэ? Жишээлбэл, цалин 10 хувиар өсөхөд махны үнэ 53 хувиар өссөн нөхцөлд өрхийн хэрэглээнд ямар дарамт үүсэх вэ?

Төгрөгийн үнэ цэн буурч, иргэдийн хөдөлмөрийн үр шим инфляцад идэгдэж буйн тод жишээ энэ. Өчигдөр 100 кг мах авч байсан мөнгөөр өнөөдөр ердөө 72 кг-ыг л авч байна. Өөрөөр хэлбэл, мах худалдан авах чадвар 28.1 хувиар буурчээ. Цалин өссөн ч үнийн өсөлтөө гүйцэхгүй бол тэр нь нэмэгдэл биш, инфляцын нөхөөс төдий л зүйл юм. 

Төрөөс нөөцийн мах бэлтгэх нь зах зээлийн үнийг тогтворжуулах зөв арга мөн үү? Өмнөх жилүүдийн нөөцийн махны бодлогыг эдийн засгийн үр ашиг талаас нь үнэлбэл ямар сул тал ажиглагдаж байна вэ?

Нөөцийн мах бол үнийн өсөлтийн эмчилгээ биш, улирлын хомсдолын түр зуурын нөхөөс юм. Төр мах нөөцлөхдөө зах зээлээс нийлүүлэлт татаж, үнэ өсгөх эрсдэл үүсгэнэ. Харин хадгалахдаа төсөв зарцуулж, борлуулахдаа дахин татаас олгоно. Эцэст нь төр үнэ тогтворжуулсан уу, эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр үнийн өсөлтийг түр далдалсан уу гэдгийг тооцох цаг болсон. Зах зээлийн гажуудлыг төсвийн мөнгөөр нөхөх нь шийдэл биш.

Тэрбээр зуучлагчийн тоог цөөлөхөөс илүүтэй тээвэр, хадгалалт, борлуулалтын зардлыг бууруулах нь чухал гэдгийг онцолжээ. Мөн махны үнэ цалингийн өсөлтөөс хурдан нэмэгдэх нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж байгааг хэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 6,000 тонн мах нөөцөлжээ

Махны үнийг тогтвортой байлгах нэг арга нь улсын нөөц бүрдүүлэх гэж бодлого тодорхойлогч нар ярьдаг. Энэ жилийн хувьд махны нөөцөд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн талаар салбарын сайд мэдээлсэн. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын манай редакцад өгсөн мэдээллээр улсын хэмжээнд энэ жил 15,000-20,000 тонн нөөцлөхөөс өнөөдрийн байдлаар 6,000 тонн мах нөөцөлжээ. Мөн Арваннэгдүгээр сарын 20-ноос яам болон нийслэл хамтран “Идэш” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Ийнхүү энэ жилийн идэшний махны үнэ өнгөрсөн жилийнхээс өсөж, айл өрхүүдийн өвлийн бэлтгэлд зарцуулах мөнгө нэмэгдэж байна. Харин улсын нөөцийн мах иргэдэд ямар үнээр хүрч, зах зээлийн үнэд хэрхэн нөлөөлөх нь энэ өвлийн анхаарах асуудлын нэг болж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!