Ардчилсан намын бодлого, шинэчлэлд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан “Новекс” клуб нэг жилийн ойгоороо улс төрийн фракц болсноо албан ёсоор зарлалаа. Тус фракц АН-ын Үндэсний бодлогын хорооны 28 гишүүн, нийт 160 гаруй залуусыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд тэргүүнээрээ Т.Пүрэвхатанг сонгожээ.
Ардчилсан намын бодлого, хөтөлбөрийг шинэ түвшинд гаргах, намын шинэчлэлд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан “Новекс” клуб өнөөдөр (2026.11.04) нэг жилийн ойгоо тэмдэглэж, улс төрийн фракц болсноо зарлалаа.
Тус клубыг 2025 оны арваннэгдүгээр сарын 4-нд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Э.Галбадралын манлайлал дор Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүлэгчид болон АН-ын анхан, дунд шатны байгууллагын залуу гишүүд хамтран байгуулжээ.
Байгуулагдсан цагаасаа намын бодлого, шинэчлэлд залуусын дуу хоолойг хүргэх зорилго тавьсан тус клуб өдгөө АН-ын Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлд төлөөлөлтэй болж, үйл ажиллагаагаа улс төрийн фракцын түвшинд өргөжүүлж буй аж.
“Новекс” фракцын тэргүүнээр АН-ын Үндэсний бодлогын хороо болон Улс төрийн зөвлөлийн гишүүн Төрмөнхийн Пүрэвхатанг сонгожээ. Тэрбээр АН-ын ҮБХ-ны гишүүнээр улиран сонгогдон ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын сонгуульд хоёр удаа нэр дэвшиж, Барилгын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан туршлагатай.

Шинээр байгуулагдсан фракцад АН-ын ҮБХ-ны гишүүн, АЗХ-ны ерөнхийлөгч Э.Галбадрал, ҮБХ болон Улс төрийн зөвлөлийн гишүүн Т.Пүрэвхатан, ҮБХ-ны гишүүд Э.Уртнасан, Г.Төмөрчөдөр, О.Наранбаатар, Ж.Нямаа, Б.Нарантуяа, Х.Байгальмаа, Б.Угтахбаяр, Г.Соёлтуяа нар тэргүүтэй 28 гишүүн нэгдсэн байна.
Эдгээр гишүүн хамтарсан баримт бичигт гарын үсэг зурж, цаашид Ардчилсан намын бодлого, шинэчлэлийн асуудлаар нэгдсэн байр суурьтай оролцохоо баталгаажууллаа.
Ингэснээр АН-ын Үндэсний бодлогын хорооны нийт 375 гишүүний 7.5 орчим хувийг “Новекс” фракцын төлөөлөл бүрдүүлж байна.
Тус фракцын бүрэлдэхүүн зөвхөн ҮБХ-ны гишүүдээр хязгаарлагдахгүй бөгөөд АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн намын байгууллагын удирдлага, тэргүүлэгчид, Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчид, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгчид зэрэг нийт 160 гаруй залуусыг эгнээндээ нэгтгэсэн талаар зохион байгуулагчид мэдээллээ.
“Новекс” нь УИХ-ын гишүүний оролцоогүйгээр, улс төрийн үзэл баримтлал, итгэл үнэмшлээрээ нэгдсэн залуусын санаачилгаар байгуулагдсан гэдгээрээ онцлог хэмээн тус фракцын төлөөллүүд онцоллоо.
Түүнчлэн нэг жилийн ойн арга хэмжээний үеэр цаашид Ардчилсан намын бодлого, шинэчлэлд залуусын оролцоог өргөжүүлж, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хүсэлтэй залууст гишүүнчлэлээ нээлттэй байлгахаа мэдэгдлээ.

