Пакистан, Энэтхэгийн хойд хэсгийн хотуудад агаарын бохирдол огцом нэмэгдэж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж байна.
Арваннэгдүгээр сарын 3-ны өглөө Пакистаны Лахор хотын агаарын чанарын индекс 447-д хүрч, дэлхийн томоохон хотуудын дунд хамгийн өндөр үзүүлэлттэй байсан талаар Reuters агентлаг мэдээллээ. Харин Энэтхэгийн нийслэл Дели хотын агаарын чанарын индекс 332-д хүрч, тус улсын ангиллаар “маш муу” түвшинд хүрсэн байна.
Швейцарын агаарын чанарын мэдээллийн IQAir байгууллагын хэмжилтээр Лахор хотын агаар дахь PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцрын агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) жилийн дундаж агууламжид зориулсан зөвлөмжөөс тухайн үед 60 дахин өндөр байжээ. Агаарын бохирдол ийнхүү нэмэгдэхэд агаарын температур буурч, салхины хурд багассанаас гадна автомашины утаа, барилга байгууламжаас үүсэх тоосжилт, хөдөө аж ахуйн ургацын үлдэгдэл шатаах зэрэг хүчин зүйл нөлөөлж байна. Хүйтний улирал эхлэх үед бохирдуулагч бодисууд газрын гадарга орчимд хуримтлагдсанаар агаарын чанар улам мууддаг аж.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Пакистан, Энэтхэгийн эрх баригчид агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг эрчимжүүлжээ. Тухайлбал, Пакистаны Засгийн газар байгаль орчны шаардлага зөрчсөн тоосго шатаах үйлдвэрүүдэд тавих хяналтаа чангатгаж, тариаланчдад ургацын үлдэгдлийг шатаахгүй байхыг анхааруулсан байна. Харин Энэтхэгийн эрх баригчид Арваннэгдүгээр сарын 2-ноос бохирдол ихээр ялгаруулдаг тээврийн хэрэгсэл, барилгын зарим үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож, нийтийн хоолны газруудад нүүрс, түлээ хэрэглэхийг хязгаарлах, нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж эхэлжээ.
Түүнчлэн Арваннэгдүгээр сарын 8-нд тохиох Хиндү шашны Дивали баярын үеэр салют, пиротехникийн хэрэгсэл ашигласнаар агаарын бохирдол улам нэмэгдэх эрсдэл үүсдэг байна. Үүнээс сэргийлж Энэтхэгийн Дээд шүүх зөвхөн тодорхой цагт бохирдол бага үүсгэдэг салют хэрэглэхийг зөвшөөрчээ.
Харин IQAir байгууллагын хэмжилтээр Улаанбаатар хотын агаарын чанарын индекс Арваннэгдүгээр сарын 3-ны 16:06 цагийн байдлаар 160 байв. Энэ нь АНУ-ын агаарын чанарын индексийн ангиллаар эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй түвшинд хамаарна. Хэдийгээр тухайн өдөр мэдээлэгдсэн Лахор, Дели хотуудын үзүүлэлтээс бага боловч хэмжилтүүд өөр өөр цагт хийгдсэн тул агаарын бохирдлын түвшинг шууд харьцуулах боломжгүй юм.
Өмнөд Азийн хотуудад үүссэн нөхцөл байдал нь хүйтний улиралд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Улаанбаатар хотын хувьд гэр хорооллын галлагаанаас үүдэлтэй утаа, автомашины ялгаруулалт болон тоосжилтыг бууруулахаас гадна бохирдол үүсгэдэггүй халаалтын шийдэлд шилжих, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн иргэд агаарын чанарын мэдээллийг тогтмол шалгаж, бохирдол өндөр үед гадаа удаан хугацаагаар байхаас сэргийлэн, дотоод орчны агаарын чанарт анхаарах нь эрүүл мэндээ хамгаалахад тустай. ДЭМБ-ын зөвлөснөөр иргэдийн хувийн хамгаалалтын арга хэмжээнээс гадна бохирдуулагч эх үүсвэрийг бууруулах төрийн бодлого хамгийн чухал юм.
Эх сурвалж: Reuters

