Gerelnews
Post

Эрүүл мэнд

2026, 11-р сар 03}

Хүний насыг уртасгах технологи олон тэрбум долларын бизнес болж байна

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Хүний насыг уртасгах, хөгшрөлтийг удаашруулах технологи дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид, эм үйлдвэрлэлийн компаниудын анхаарлыг татаж, олон тэрбум долларын бизнес болон өргөжиж байна.


The Economist сэтгүүлийн Арваннэгдүгээр сарын 2-ны нийтлэлд дурдсанаар, хиймэл оюуны салбарын тэргүүлэгчид энэ чиглэлийн судалгаанд их хэмжээний хөрөнгө оруулж эхэлжээ. Тухайлбал, OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтман хүний эрүүл амьдрах хугацааг арван жилээр нэмэгдүүлэх зорилготой Retro Biosciences компанид 180 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулсан байна. Харин Anthropic компанийн гүйцэтгэх захирал Дарио Амодэй хиймэл оюуны хөгжлийн үр дүнд хүний нас 150 жилд хүрэх боломжтой хэмээн таамаглажээ. Гэвч хүний насыг ийм хэмжээнд уртасгах технологи шинжлэх ухаанаар хараахан батлагдаагүй байна.

Хүн амын насжилт нэмэгдэж, эрүүл урт наслах эрэлт өссөнөөр хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээ төрөлжиж, энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх технологийн зах зээл өргөжиж байна. Тухайлбал, эрүүл мэндийн хувийн төвүүд цусны шинжилгээ, геномын дараалал тогтоох шинжилгээ, бүх биеийн MRI оношилгоогоор хавдар болон бусад өвчнийг шинж тэмдэг илрэхээс өмнө илрүүлэх үйлчилгээ санал болгож байгаа. Жишээлбэл АНУ-ын Prenuvo компани бүх биеийн MRI шинжилгээг 4000 орчим ам.доллароор хийдэг бол Шведийн Neko Health компани биеийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг хянах үйлчилгээгээ өргөжүүлэхээр 700 сая ам.долларын хөрөнгө босгосон байна. Үүний зэрэгцээ биотехнологийн компаниуд хөгшрөлттэй холбоотой эсийн өөрчлөлтийг судалж, шинэ эм бүтээхэд анхаарч байна. Тухайлбал, Eli Lilly компани хиймэл оюунд суурилсан эмийн судалгааны Insilico Medicine компанитай 2.75 тэрбум ам.доллар хүртэлх үнийн дүнтэй гэрээ байгуулсан бол NewLimit компани эсийн хөгшрөлтийг буцаах технологийн судалгаанд зориулан 435 сая ам.долларын хөрөнгө босгожээ. The Economist-ийн мэдээлснээр, 2025 онд урт наслалтын чиглэлийн биотехнологийн компаниуд нийт 18.4 тэрбум ам.долларын хөрөнгө татсан нь өмнөх арван жилийн нийлбэр дүнгээс давсан байна.

Гэсэн хэдий ч хөгшрөлтийг удаашруулах, хүний насыг мэдэгдэхүйц уртасгах эмчилгээний үр нөлөө, аюулгүй байдлыг хүн дээр хийсэн томоохон судалгаагаар батлах шаардлагатай хэвээр байгаа. Америкийн Радиологийн коллежийн мэдээлснээр, өвчний шинж тэмдэггүй хүмүүст бүх биеийн MRI шинжилгээ хийх нь насыг уртасгадаг гэх хангалттай нотолгоо байхгүй бөгөөд шаардлагагүй нэмэлт шинжилгээ, зардал үүсгэх эрсдэлтэй талаар дурджээ. Иймээс мэргэжилтнүүд хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн, эмчилгээг шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан үнэлэх, туршилтын эмчилгээг олон нийтэд батлагдсан арга мэт сурталчлахгүй байхыг анхааруулж байна. Цаашид энэ салбарын амжилтыг хөрөнгө оруулалтын хэмжээгээр бус, хүний эрүүл амьдрах хугацааг бодитоор нэмэгдүүлсэн эсэхийг тогтоох эмнэлзүйн судалгааны үр дүнгээр үнэлэх нь чухал юм.

Эх сурвалж: The Economist

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!