Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдрийн /2026.11.03/ хурлаараа хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтөд шинэ зохицуулалт оруулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэд нэмэлт зээл авахгүйээр зээлийн хугацаагаа 48 сар хүртэл сунгах боломж бүрдэж байна.
Тодруулбал, иргэний орлого тасалдах болон санхүүгийн хүндрэл үүссэнээс зээлийн эргэн төлөлт доголдох тохиолдолд банк, зээлдэгч харилцан тохиролцож, зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах боломж бүрдэж байгаа юм. Ингэхдээ нэмэлт зээл олгохгүй бөгөөд бүтцийн өөрчлөлт хийсэн зээлд өр, орлогын харьцааны хязгаарлалт үйлчлэхгүй.
Монголбанкны мэдээлснээр, 2026 оны есдүгээр сарын байдлаар арилжааны банкнаас хэрэглээний зээл авсан 1.2 сая иргэн байна. Үүний 66.4 хувь нь орлогынхоо 45 хувиас дээш хэмжээг зээлийн төлбөрт зарцуулж байгаа аж.
Харин хэрэглээний зээлийн чанаргүйдэл 2026 оны есдүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өссөн байна. Мөн өмнө нь олгосон зээлүүдийн эргэн төлөлт доголдох эрсдэл хэвээр байгааг онцоллоо.
Мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагын хэрэглээний зээлийн зохицуулалт ялгаатай байгаа нь иргэд олон байгууллагаас зэрэг зээл авч, нийт өрийн дарамтаа нэмэгдүүлэх эрсдэл үүсгэж байгааг дурдлаа. Шинэ зохицуулалтын хүрээнд нийт 8.5 их наяд төгрөгийн хэрэглээний зээл хамрагдах боломжтой бөгөөд үүнээс 6.3 их наяд төгрөг нь цалингийн, 1.3 их наяд нь малчны, 0.9 их наяд нь бусад төрлийн зээл байна.
Товчхондоо, энэ шийдвэр нь зээлийг тэглэх эсвэл шинээр зээл авах боломж олгохгүй. Харин одоо байгаа зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдэд банк, санхүүгийн байгууллагатайгаа тохиролцон төлөлтийн нөхцөлөө өөрчлөх, хугацаагаа сунгах боломж бүрдүүлж байгаа аж.

