Ирээдүйд AI дата төвүүд дэлхий дээр бус, сансарт ажиллах боломжтой гэсэн төлөвлөгөөнүүд аль хэдийн яригдаж эхэлсэн билээ. Харин үүний эхлэл болж Google компани хиймэл оюун ухааны дата төвүүдийг сансарт байрлуулах зорилготой Suncatcher төслийнхөө анхны туршилтын хиймэл дагуулыг Аравдугаар сарын 1-нд хөөргөхөөр болжээ.
Хөргөгчний хэмжээтэй уг хиймэл дагуулд Google-ийн дөрвөн TPU чип байрлуулах бөгөөд Gemini зэрэг AI загваруудыг ажиллуулж турших юм.
Google өнгөрсөн жил танилцуулсан Suncatcher төслөөрөө AI загваруудыг сургах, ажиллуулах зориулалттай дата төвүүдийг дэлхийн тойрог замд байрлуулж, нарны эрчим хүчийг шууд ашиглах боломжийг судалж байна.

Яагаад AI дата төвийг сансарт байгуулах болов?
AI-ийн хэрэглээ эрчимтэй өсөхийн хэрээр загвар сургах, ажиллуулахад шаардлагатай дата төвүүдийн тоо болон эрчим хүчний хэрэглээ асар ихээр нэмэгдэж байна. Томоохон дата төвүүд мянга мянган AI чип ажиллуулахын зэрэгцээ их хэмжээний цахилгаан хэрэглэж, ялгарсан дулааныг хөргөх шаардлагатай болдог.
Google-ийн үзэж буйгаар сансрын дата төвүүд энэ асуудлыг шийдэх нэг боломж байж магадгүй юм. Сансарт хиймэл дагуулууд нарны эрчим хүчийг шууд ашигласнаар дэлхий дээрх шиг асар их хэмжээний цахилгаан үйлдвэрлэх, хөргөлтийн дэд бүтэц байгуулах шаардлага багасна. Мөн дэлхий дээр дата төв барихад тулгардаг газар, эрчим хүч, усны хэрэглээтэй холбоотой асуудлыг бууруулах боломжтой гэж үзэж байна.
Сансар дахь AI чипийн хөргөлтийн шинэ технологи
Сансарт AI чип ажиллуулахад нэг том асуудал бий. AI чипүүд их хэмжээний дулаан ялгаруулдаг бөгөөд үүнийг сансарт зайлуулах нь дэлхий дээрхээс илүү төвөгтэй. Google энэ туршилтаар TPU чипүүд сансрын цацраг, хэт температур болон хөөрөлтийн үеийн доргилтыг хэрхэн тэсвэрлэхээс гадна хөргөлтийн систем хэр үр дүнтэй ажиллахыг шалгана.
Туршилтын хиймэл дагуулын хөргөлтийн систем одоогоор хязгаарлагдмал тул TPU-уудыг нэг удаад ердөө 15 минут орчим ажиллуулах боломжтой. Дараа нь радиаторууд хуримтлагдсан дулааныг зайлуулахын тулд чипүүдийг түр унтраана.
Google-ийн энэхүү анхны туршилт нь сансарт AI дата төв байгуулах боломжтой эсэхийг бодитоор шалгах эхний алхам юм. Тус компани 2027 оноос илүү олон хиймэл дагуул хөөргөж, хооронд нь өндөр хурдны лазер холболтоор холбосон сансрын AI дата төвийн сүлжээ байгуулахаар төлөвлөж байгаа ч энэ технологийг бодит бүтээгдэхүүн болгоход хэдэн жил шаардлагатай гэж үзэж байна.

Эх сурвалж: Techrunch

