Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны байршлыг бодит цагт харуулах, хөдөлгөөнийг хянах системийн шинэчилсэн хувилбарыг 2026 оны Арванхоёрдугаар сарын 1-нээс ашиглахаар төлөвлөжээ. Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн мэдээлэв.
Тэрбээр 2024 оноос нийтийн тээврийн автобусны цахим төлбөрийн болон удирдлага, хяналтын дэд системийг ашиглаж эхэлсэн. Уг систем нь автобусны байршлыг бодит цагийн горимоор харуулах боломжтой ч серверийн алдаа, сүлжээний тасалдлаас шалтгаалан зарим үед доголдол гардаг гэв. Иймээс системийг хөгжүүлэгч компани болон ашиглагч “Улаанбаатар смарт” компаниас алдааг засаж, сайжруулалт хийж байгаа аж.
Системийг хүлээн авах комисс саяхан ажилласан бөгөөд арваннэгдүгээр сард үлдсэн алдааг засаж дууссаны дараа Арванхоёрдугаар сарын 1-нээс хуучин системийг зогсоож, шинэчилсэн системээр нийтийн тээврийн үйлчилгээний гүйцэтгэл болон хөдөлгөөнд хяналт тавихаар төлөвлөжээ.
Одоогоор нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1,180 гаруй автобус явж байна.

