Сүүлийн нэг сарын хугацаанд дэлхийн олон оронд хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёсыг шаардсан жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна.
Францад боловсролын чанар, Энэтхэгт сонгуулийн шударга байдал, Албанид авлига, ажилгүйдэл, Тунист ардчилал, Португалд орон сууцны хүртээмжийн асуудлаар иргэд эсэргүүцлээ илэрхийлжээ. Эдгээр хөдөлгөөн өөр өөр шалтгаантай боловч төрийн бодлогод иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эрх ашгаа хамгаалах, эрх баригчдаас хариуцлага шаардах гэсэн нийтлэг шинжтэй байна.
Тухайлбал, Францад Есдүгээр сарын сүүлээр эхэлсэн сурагчдын эсэргүүцэл Аравдугаар сард улс даяар өргөжиж, багшийн хүрэлцээ, сургуулийн орчин нөхцөлөөс гадна амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээ, төсвийн зарцуулалтын асуудлыг хөнджээ. Аравдугаар сарын 17-нд болсон жагсаалд Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр 550 мянга орчим хүн оролцсон байна. Жагсаалын ихэнх нь тайван болсон ч зарим хотод хүчирхийлэл үйлдэгдэж, цагдаа нар олон хүнийг баривчилжээ.

@Nantes, France, October 13, 2026. Reuters/Stephane Mahe
Харин Энэтхэгт сонгогчдын нэрсийн жагсаалтыг шинэчлэх үйл явц улс төрийн маргаан дагуулж, Аравдугаар сарын 10-нд залуучуудын зохион байгуулсан эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжсэн байна. Жагсагчид сонгуулийн байгууллагын удирдлагыг огцрохыг шаардаж, сонгогчдын бүртгэлд оруулсан өөрчлөлт сонгуулийн шударга байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзсэн бол эрх баригч нам болон Сонгуулийн комисс эдгээр буруутгалыг няцаасан байна. Тус жагсаалтай холбогдуулан Нью-Дели хотод 2000 гаруй хүнийг саатуулж, зарим бүсэд интернэтийн үйлчилгээг түр хязгаарласан нь олон улсын хүний эрхийн байгууллагуудын анхаарлыг татжээ. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас иргэдийн тайван жагсах эрхийг хангаж, үүссэн асуудлыг харилцан ярианы замаар шийдвэрлэхийг уриалсан бол Энэтхэгийн тал энэхүү байр суурийг дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж үзсэн байна.

@Indranil MUKHERJEE AFP via Getty Images
Үүнтэй зэрэгцэн Албани улсын нийслэл Тирана хотод оюутнуудын эхлүүлсэн эсэргүүцэл авлига, ажилгүйдэл, боловсролын чанарын асуудлыг хөндөн, засгийн газрын эсрэг хөдөлгөөн болон өргөжжээ. Жагсагчид Ерөнхий сайд Эди Рамаг огцрохыг шаардсан бөгөөд зарим оролцогч төрийн байгууллагын барилгад гал тавьж, цагдаа нартай мөргөлдсөн байна. Ерөнхий сайд жагсагчдын зарим шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж болох ч хүчирхийллээр засгийн газрыг огцруулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн тус улсад гадаадын хөрөнгө оруулалттай аялал жуулчлалын төслүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, газрын ашиглалттай холбоотой маргаан урьд өмнө нь эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх шалтгаан болж байв.
Африк тивийн Тунис улсад ч мөн Аравдугаар сарын 17-нд олон мянган хүн Ерөнхийлөгч Кайс Саидын бодлогыг эсэргүүцэн жагссан байна. Үйлдвэрчний эвлэл, иргэний нийгмийн байгууллагуудын зохион байгуулсан жагсаалд оролцогчид ардчиллын зарчим алдагдаж, улс төрийн эрх чөлөө хумигдаж байна гэж үзжээ. Тус улсад эдийн засгийн хүндрэл, төрийн үйлчилгээний чанар муудах, ус, цахилгааны тасалдал, эмийн хомсдол зэрэг асуудал иргэдийн бухимдлыг нэмэгдүүлсэн байна. Ерөнхийлөгч Саид 2021 оноос хойш эрх мэдлээ нэмэгдүүлсэн бөгөөд сөрөг хүчнийхэн түүнийг ардчиллыг сулруулсан гэж буруутгадаг бол тэрбээр энэхүү шүүмжлэлийг няцааж, улс орны тогтвортой байдлыг хангах бодлого хэрэгжүүлж байгаагаа мэдэгдсээр иржээ.
Харин Португалд иргэдийн эсэргүүцэл орон сууцны үнийн өсөлт, түрээсийн дарамтад төвлөрч байна. Аравдугаар сарын 17-нд олон арван мянган хүн Лиссабон хотод жагссан бол мөн сарын 27-нд иргэд орон сууцны хямрал болон идэвхтнүүдийн эсрэг явуулсан цагдаагийн ажиллагааг эсэргүүцэн дахин цугларчээ. Reuters агентлагийн мэдээлснээр тус улсад орон сууцны үнэ 2017 оноос хойш хоёр дахин өсөж, шинээр байгуулах түрээсийн гэрээний үнэ бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ нь ялангуяа залуучуудын орон сууцтай болох боломжийг хязгаарлаж, орон сууцны асуудлыг зөвхөн эдийн засгийн бус, нийгмийн төлөөх асуудал болгож анхаарахад хүргэжээ.
Эдгээр үйл явдлаас эдийн засаг, нийгмийн асуудал улс төрийн шаардлагатай улам нягт холбогдож буй нийтлэг хандлага ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, боловсролын чанар, ажлын байр, орон сууцны хүртээмж зэрэг өдөр тутмын амьдралд тулгамдсан асуудал нь төрийн шийдвэр гаргах үйл явц, төсвийн бодлого, улс төрийн хариуцлагын тухай өргөн хүрээний сэдэв болон хувирчээ. Мөн Франц, Энэтхэг, Албани зэрэг улсад залуучууд жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа нь тэдний ирээдүйн амьдралын баталгаа, улс төрийн төлөөлөлтэй холбоог илүү ухамсарлах болсныг илэрхийлж байна.
Нөгөө талаар жагсаал, эсэргүүцлийн үеэр төрийн байгууллагуудаас авч буй арга хэмжээ хүний эрхийн асуудлыг хөндөх өөр нэгэн өнцөг болж эхэлжээ. Зарим улсад жагсагчдыг баривчлах, хүч хэрэглэн тараах, цуглаан зохион байгуулах эрхийг хязгаарлахтай холбоотой маргаан гарсан байна. НҮБ-ын Хүний эрхийн хорооны 2020 оны 37 дугаар ерөнхий тайлбарт тайван хуран цуглах эрхийг иргэд нийгэм, улс төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцох үндсэн эрхийн нэг гэж тодорхойлжээ. Иймээс төрийн байгууллагууд нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсах эрхийг хамгаалах үүрэгтэй юм.
Геополитикийн үүднээс авч үзвэл эдгээр хөдөлгөөний зарим нь тухайн улсын дотоод асуудлаас хальж, олон улсын харилцаатай холбогдож байна. Тухайлбал, сонгуулийн шударга байдал, ардчиллын тогтолцоо, гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн тэгш бус байдал зэрэг нь улс орнуудын олон улсын нэр хүнд, гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлөх магадлалтай. Гэхдээ дэлхий дахинд өрнөж буй жагсаалуудыг нэг зорилготой, харилцан уялдаатай нэгдсэн хөдөлгөөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь улс орон бүрийн улс төрийн тогтолцоо, эдийн засгийн нөхцөл, иргэдийн шаардлага харилцан адилгүй юм.
Дэлхийн олон оронд өрнөж буй эдгээр жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөн нь иргэдийн амьжиргаа, эрх чөлөө, төрд итгэх итгэл хоорондоо нягт холбоотойн илрэл. Энэ нь Монгол Улсын хувьд ч анхаарал хандуулах асуудал юм. Учир нь манай улсад инфляц, орон сууцны хүртээмж, ажилгүйдэл, авлига, төрийн байгууллагын хариуцлага зэрэг асуудал сүүлийн хэдэн жил олон нийтийн хэлэлцүүлгийн төвд байсаар ирсэн. Олон улсын үйл явдлаас харахад ч иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бодлого боловсруулах үйл явцад олон нийтийн оролцоог хангах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах нь нийгмийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой юм. Харин төр, иргэдийн хоорондын үл ойлголцол хэрхэн шийдвэрлэгдэх нь зөвхөн жагсаал, эсэргүүцлийн үр дүнгээр бус, эрх баригчдын хариуцлага, шийдвэр гаргах үйл явцын ил тод байдал, иргэдийн шаардлагад бодит хариу өгөх чадвараас хамаарна.

