Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийж буй айлчлалыг тус улсын хэвлэлүүд эдийн засгийн хамтын ажиллагаа, Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөл болон Монголын “гуравдагч хөрш”-ийн бодлоготой холбон мэдээлж байна.
“Жапан Таймс” сонин Есдүгээр сарын 27-нд “Жижи Пресс” агентлагийн мэдээллийг эш татан, Япон улс Чингис хаан олон улсын нисэх буудлыг өргөтгөхөд Монгол Улсад 150 тэрбум орчим иений хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж байгааг айлчлалын гол асуудлын нэгээр онцолжээ. Тус мэдээнд хоёр улсын Ерөнхий сайд нар зээлийн асуудлаар тохиролцож, Засгийн газар хооронд ноот бичиг солилцох төлөвтэй гэж мэдээлсэн байна.
Япон улс Чингис хаан олон улсын нисэх буудлыг барьж, байгуулахад өмнө нь 65.657 тэрбум иений зээл олгосон бөгөөд нисэх буудал 2021 онд ашиглалтад орсноос хойш зорчигчийн тоо анхны тооцооллоос давсан байна. Үүний улмаас том оврын агаарын хөлгийн зогсоол болон терминалын хүчин чадал хүрэлцэхгүй болсон гэж тус хэвлэл мэдээлжээ. Өргөтгөлийн ажил хэдийд эхлэх нь одоогоор тодорхой болоогүй ч нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж хоёр тал үзсэн тухай мөн дурджээ.
Энэхүү дэд бүтцийн төслийг “Жапан Таймс” Монголын газарзүйн байрлал, “гуравдагч хөрш”-ийн бодлоготой холбон тайлбарласан ба тус сонин Монгол Улсыг Орос, Хятад хоёр улсын дунд оршдог; Япон болон бусад улсыг “гуравдагч хөрш” хэмээн үздэг хэмээн бичжээ. Мөн Чингис хаан олон улсын нисэх буудлыг Япон болон бусад “гуравдагч хөрш” оронтой иргэдийн болон эдийн засгийн харилцааг холбох чухал зангилаа гэж тодорхойлж, нисэх буудлыг өргөтгөх нь агаарын харилцааг сайжруулахын зэрэгцээ Монголын бие даасан байдал, тэсвэрлэх чадварыг дэмжих зорилготой гэсэн Японы Засгийн газрын байр суурийг ч дамжуулсан байна.
“Киодо” агентлагийн мэдээллийг Есдүгээр сарын 26-нд нийтэлсэн “Майничи” сонин айлчлалыг хоёр орны Тусгай стратегийн түншлэлийг бэхжүүлэх хүрээнд авч үзжээ. Тус мэдээнд Ерөнхий сайд Н.Учрал, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ нарын уулзалтаар татварын гэрээ байгуулах асуудал болон иений зээлээр Чингис хаан олон улсын нисэх буудлыг өргөтгөх асуудлыг хэлэлцэх төлөвтэй гэж мэдээлсэн.
“Киодо”-гийн мэдээнд Монгол Улсын байрлалыг мөн бүс нутгийн нөхцөл байдалтай холбон авч үзжээ. Тус агентлаг Монголыг Хятад, Оросын дунд орших далайд гарцгүй улс хэмээн тодорхойлоод, Япон сүүлийн жилүүдэд Монголтой харилцаагаа өргөжүүлж буйг БНХАУ-ын Энэтхэг-Номхон далайн бүс дэх цэргийн нөлөө нэмэгдэж байгаа болон ОХУ Украинд 2022 оноос явуулж буй дайнтай зэрэгцүүлэн тайлбарласан байна. Үүний зэрэгцээ Монгол Улс БНАСАУ-тай дипломат харилцаатай учраас Японы иргэдийг хулгайлсан асуудлаар зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ирснийг онцолжээ.
Ийнхүү Японы дээрх хэвлэлүүд Ерөнхий сайд Н.Учралын айлчлалыг нэг талаас 150 тэрбум орчим иений хөнгөлөлттэй зээл, нисэх буудлын өргөтгөл, татварын гэрээ зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар, нөгөө талаас Монголын “гуравдагч хөрш”-ийн бодлого болон Орос, Хятад хоёр улсын дунд орших газарзүйн байрлалтай нь холбон мэдээлж байна.

