Gerelnews
Post

Соёл урлаг

2026, 9-р сар 16}

МУГЖ Л.Болдбаатар: “Монголоо дуулна” тоглолтоо 10 жилийн өмнөөс бодож, төлөвлөсөн

Л.АззаяаЛ.Аззаяа

10 жил төлөвлөсөн тоглолтоо хийх гэж буйгаа Л.Болдбаатар онцолж, “Монголоо дуулна”-г “том найр” болно хэмээн тодорхойллоо.


МУГЖ Л.Болдбаатарын “Монголоо дуулна” тоглолтын бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна. Тус тоглолтод 1000 гаруй хүн ажиллаж, түүний 20 гаруй жилийн уран бүтээлээс шилдэг 33 дууг сонгон, дөрвөн цаг орчим үргэлжлэхээр бэлтгэжээ. Тоглолт энэ сарын 19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тоглолтын уран бүтээл, найруулга, зохион байгуулалтын талаар Л.Болдбаатар болон тоглолтын Ерөнхий продюсер, найруулагчийн баг өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө.

Л.Болдбаатар 2000 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 150 гаруй дуу бүтээснээс 100 орчим нь нийтийн дунд хит болсон уран бүтээл аж. Тэрбээр 2004 оноос хойш 17 удаа бие даасан тоглолтоо хийсэн бөгөөд 2021 онд Монгол бөхийн өргөөнд дөрвөн өдөр дараалан тоглолтоо хүргэж байжээ. 

Түүний уран бүтээл сүүлийн жилүүдэд залуу үеийнхэнд хүрч, Gen Z үеийнхний дунд дахин түгэж байгаа нь энэ удаагийн тоглолтоо хийхэд нь түлхэц болсон байна. Энэ талаар тэрбээр өөрийг нь дэмжиж ирсэн үзэгч, сонсогчдодоо талархал илэрхийлээд, залуусын оролцоо их байгааг онцолсон юм.

“Энэ сайхан газар тоглолтоо хийх гэж байгаадаа баяртай байна. Миний 10 жил бодож, төлөвлөж ирсэн тоглолт юм. Хагас жил хамтдаа зүтгэлээ. Залуусын дунд миний уран бүтээлүүдийг түгээж өгсөнд баярлалаа. Болж өгвөл хүмүүсийн сонсох дуртай дуунуудыг түүвэрлэж оруулна. Олон дуунууд хасагдлаа. Тэр үдэш ер нь найр болох болов уу.

Тоглолтын Ерөнхий продюсер Б.Тэлмэний мэдээлснээр бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд зохион байгуулалтыг үзэгчдийн тав тух, аюулгүй байдлыг хангахуйц төлөвлөж байгаа аж. Тухайлбал, камерын хяналт ажиллуулахын зэрэгцээ цагдаа, онцгой байдлын алба хаагчид ажиллаж, үзэгчдийн орох, гарах урсгалын чөлөөтэй байхаар төлөвлөсөн байна. Мөн тоглолтын Ерөнхий найруулагч Г.Маргад-Эрдэнэ 1000 гаруй хүн энэхүү уран бүтээлийн ард ажиллаж байгааг хэлэв. 

Энэ удаагийн тоглолтын бүх уран бүтээлийг тайзны найруулгатайгаар хүргэхээр ажиллаж байгаа аж. Найруулагчийн багийн зүгээс дуу, хөгжмийн бүтээлүүдийг эх орон, монгол хүн гэх ойлголттой уялдуулан найруулж, Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бусад тоглолтоос ялгарах уран бүтээл болгохоор зорьжээ. Тоглолтын багт 2026 оны наадмын хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчаар ажилласан МУУГЗ Д.Баярбаатар, гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий, продюсер Оогий нар хамтран ажиллаж байна. Д.Баярбаатарын хэлснээр Л.Болдбаатарын дуу, хөгжмийн аялгуу, шүлгийн мөрүүдэд бүжгийн дэглэлт, мэргэжлийн найруулгыг хослуулан хүргэхээр ажиллаж байгаа аж.

Яагаад Чи над шиг дурлаж чадах уу дууг дуулахаар болсон бэ

Гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий Л.Болдбаатартай хамтран дуулсан “Чи над шиг дурлаж чадах уу?” дууны талаар ярихдаа тус дуу нь тоглолтын PR-д зориулан дуулсан дуу бөгөөд улс төрийн хэрүүл, шуугиантай өдрүүдтэй зэрэгцэн тус дууны талаарх хэлэлцүүлэг өрнөж байгаа ч олон хүн дууны үг, аялгууг сайшааж байгаа, “Л.Болдбаатар бид хоёр доллар биш учраас хүн бүрт таалагдах албагүй. ‘Чи над шиг дурлаж чадах уу?’ дууг Болдоо маань сайхан дуулсан. Олон хүнд таалагдсан гэж надад хэлж байна.” гэжээ.

Түүнчлэн “Монголоо дуулна” тоглолт болон PSY-ийн тоглолт Есдүгээр сарын 19-нд нэг өдөр зохион байгуулагдаж байгаа. Энэ талаар Л.Болдбаатар хоёр тоглолт хоёулаа үзэгч олонтой байхыг хүсэж байгаагаа илэрхийлээд, монголчууд үндэсний уран бүтээлээ мөн сонсох болно гэдгийг хэлжээ.

“Монголоо дуулна” тоглолтын хаалга 15:00 цагт нээгдэж, үндсэн тоглолт 19:00 цагт эхлээд тоглолт дөрвөн цаг орчим үргэлжилнэ. Тасалбарыг shoppy.mn, ticket.mn, tino.mn болон GS25-ын бүх салбараас авах боломжтой. Мөн Есдүгээр сарын 19-нийг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд байрлах тусгай асраас биет тасалбар худалдаалах аж.

Тасалбарын үнэ:

           • Энгийн – 89,000₮

• Fanzone – 210,000₮

• VIP – 800,000₮

• Энгийн 3 найзын – 240,000₮

• Энгийн 5 найзын – 390,000₮

• Энгийн 10 тасалбар – 760,000₮

• Fanzone 3 найзын – 599,000₮

• Fanzone 5 найзын – 949,000₮

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!