Шинэ жил болоход 53 өдөр үлджээ.
Дэлхийн томоохон хотууд шинэ жилийн баярын бэлтгэлээ эхлүүлж, гудамж талбай, худалдааны төвүүдээ гэрлэн чимэглэлээр гоёж байна. Тухайлбал, Их Британийн нийслэл Лондон хотын алдарт Bond Street гудамж дахь Францын тансаг зэрэглэлийн загварын ордон Dior Зул сарын баярт зориулан дэлгүүрийнхээ гадна фасад, үзмэрийн цонхыг үлгэрийн ертөнц мэт чимэглэжээ. Энэхүү чимэглэл нь Dior-ын захиалгаар бүтээсэн “Christian Dior’s Night in Color” богино хэмжээний анимэйшний дүрүүд, уран сайхны шийдлээс сэдэвлэсэн бөгөөд загвар, кино урлагийг нэг дор нэгтгэснээрээ онцлог юм.
Францын найруулагч Sylvain Chomet-ийн бүтээсэн “Christian Dior’s Night in Color” анимэйшн нь Dior загварын ордны үүсгэн байгуулагч Christian Dior болон Холливүүдийн алдарт жүжигчин Marlene Dietrich нарын нөхөрлөл, өндөр зэрэглэлийн загварын урлалыг уран сэтгэмжтэй хослуулан өгүүлдэг байна. Гараар зурж бүтээсэн уг анимэйшний үйл явдлыг жүжигчин Robert Pattinson хүүрнэж, Louis Garrel, Camille Cottin, Rihanna зэрэг алдартнууд дүрүүдэд дуу оруулжээ. Dior уг бүтээлийн дүрслэлийг зөвхөн дэлгэцээр хязгаарлалгүй, дэлхийн олон улс дахь дэлгүүрүүдийнхээ баярын чимэглэл, бэлгийн цуглуулгад ашиглаж, зул сарын уур амьсгалыг загварын ертөнцөөр дамжуулан илэрхийлж байна.
Үүнтэй зэрэгцэн дэлхийн бусад хотод ч зул сарын баярын уур амьсгал хэдийнэ оржээ. Их Британийн Лондон хотын Regent Street гудамжийг сахиусан тэнгэрийн дүрст гэрлүүдээр чимэглэсэн бол Өмнөд Солонгосын Сөүл хотын худалдааны төвүүд олон мянган гэрэл, хөдөлгөөнт дүрслэл бүхий баярын чимэглэлээ танилцуулаад байна. Мөн Францын Парис, Японы Токио хотуудад өвлийн гэрлэн чимэглэлийн улирал эхэлж, Австрийн Вена хотод зул сарын захууд нээгдэж эхэлжээ. Ийнхүү дэлхийн томоохон хотууд баярын өнгө төрхөө бүрдүүлж, шинэ оныг угтах бэлтгэлдээ орж байна.
Эх сурвалж: Dior