OpenAI шинэ хиймэл оюуны загвар болон 10 мянга орчим AI агент ашиглан 90 жилийн турш шийдэгдээгүй математикийн нарийн төвөгтэй асуудлын нэг болох Навье-Стоксын оршин байх ба жигд чанарын асуудлыг 88 цагийн дотор шийдсэн гэж мэдэгдлээ.
Навье-Стоксын тэгшитгэл нь шингэн болон хий хэрхэн хөдөлдөгийг тайлбарлахад ашиглагддаг. Уг асуудал нь ялангуяа турбулент урсгал буюу шингэний эмх замбараагүй хөдөлгөөнтэй холбоотой. Энэ нь математикийн салбарын хамгийн алдартай шийдэгдээгүй асуудлуудын нэг бөгөөд зөв шийдэлд хүрсэн тохиолдолд 1 сая ам.долларын шагнал авах боломжтой юм.
OpenAI-ийн мэдээлснээр, тус компани есдүгээр сарын 1-нд шинэ дотоод AI загварт суурилсан мянга мянган агентыг уг асуудлыг шийдэхэд ажиллуулжээ. Есдүгээр сарын 5 гэхэд буюу ердөө 88 цагийн дараа шийдэлд хүрсэн байна.

Хэдийгээр AI агентууд богино хугацаанд үр дүнд хүрсэн ч энэ үйл явцад асар их тооцооллын нөөц зарцуулжээ. Тэд хоорондоо бараг 3 сая мессеж солилцож, нийт 130 тэрбум гаралтын токен ашигласан бөгөөд OpenAI-ийн тооцоолсноор ийм хэмжээний ажил ойролцоогоор 10 сая ам.долларын зардалтай тэнцэнэ.
Гэхдээ OpenAI-ийн шийдэл одоогоор хараат бус мэргэжилтнүүдээр баталгаажаагүй бөгөөд Clay Mathematics Institute албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байна. Тус компани мөн энэхүү үр дүнгээр 1 сая ам.долларын шагналыг авах зорилгогүй гэдгээ мэдэгджээ.
Энэ мэдэгдэлтэй зэрэгцэн Нью-Йоркийн их сургуулийн математикийн профессор Тристан Бакмастер маргаан үүсгээд эхэлжээ. Тэрээр Anthropic-ийн математикч Левент Алпөгэтэй хамтран уг асуудлыг мөн судалж байсан ба судалгаандаа OpenAI-ийн Codex хэрэгслийг ашиглаж байжээ.

Бакмастерын хэлснээр, есдүгээр сарын 3-нд тэдний судалгааны ахицын талаарх мэдээлэл OpenAI-д хүрсэн болохыг мэдсэн байна. Тэрээр OpenAI судалгаагаа тэдний ажлын талаарх мэдээллийг авсны дараа эхлүүлсэн гэж үзэж байгаа гэнэ.
Харин OpenAI Бакмастер болон Алпөгэгийн ажлыг олон нийтэд ил болохоос өмнө ямар нэгэн хэлбэрээр хараагүй, мөн судалгааны явцад хэрэглэгчийн мэдээлэлд хандаагүй гэж мэдэгдсэн байна. Гэсэн ч хэрэглэгчдийн бүтээгдэхүүн ашиглалтаас үүссэн нэргүйжүүлсэн мэдээлэл загваруудаа сайжруулахад нөлөөлсөн байх боломжийг бүрэн үгүйсгээгүй юм.
Ийнхүү OpenAI-ийн 90 жилийн турш шийдэгдээгүй асуудалд ердөө 88 цагийн дотор ахиц гаргасан гэх мэдэгдэл нь хиймэл оюун ухаан математикийн судалгаанд хэр зэрэг боломжтойг харуулсан томоохон жишээ болж байгаа ч уг шийдэл болон судалгааны эх сурвалжтай холбоотой маргаан үргэлжилж байна.
Эх сурвалж: BBC

