Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, хоёр улсын харилцаа, Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой асуудлуудаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулсан худалдааны Түр хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн талаар талууд онцлон ярилцжээ. Тус хэлэлцээрийн хүрээнд Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Евразийн эдийн засгийн зах зээлд гаалийн тарифын хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх боломж бүрдэх юм.
Евразийн эдийн засгийн холбооны зах зээл нь 180 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд нийт эдийн засгийн хэмжээ нь зургаан их наяд ам.долларт хүрдэг байна. Иймд тус хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлснээр Монголын хувийн хэвшлийн экспорт нэмэгдэх, үйлдвэрлэл болон ажлын байр өсөх боломжтой гэж үзэж байна.
Мөн Монгол Улсын түлш, шатахуун, эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг уулзалтын үеэр хөндөж, ОХУ-аас нийлүүлэх түлш, шатахууныг тогтвортой байлгах чиглэлээр ярилцжээ. Энэ асуудлаар нааштай хариу авсан талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэв.
Тэрбээр хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хэлэлцсэн асуудлуудыг бодит ажил хэрэг болгон, Монгол Улсад үр дүн авчрахад Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.
Н.Учрал, “Хэлэлцээр бүр Монгол Улсад бодит үр дүн авчрах ёстой” хэмээн тэмдэглэв.

