Өнөөдөр Монголын төр олигтой хуулийн сайд олддоггүйн зовлонд унажээ. Х.Нямбаатар хэн байж хэн болов, Б.Энхбаяр албан тушаалаа яаж улстөртэй хольж хутгав, анхнаасаа хэрэг ярихгүй гэдгээ зарлаж гарч ирсэн Л.Мөнхбаатар хэрхэн өөрөө ч мэдэлгүй огцров. Одоо Н.Учралын Засгийн газарт Л.Оюун-Эрдэнийн фракцын квотоор орж ирсэн С.Амарсайхан хөгөө чирч эхэллээ.
Герман оронд физик, философийн аль алинаар докторын зэрэг хамгаалсан С.Молор-Эрдэнэ гэдэг хүн өнөөдөр С.Амарсайханы чиглэлээр шалгагдаж, цагдан хоригдоод байна.
Уг нь С.Молор-Эрдэнэ философичийн хувьд “Чингисийн этик хэрэгтэй” гэсэн ном бичиж л явсан. Аливаа үндэстэн өөрсдийн сэтгэлгээний кодтой учир хөгждөг юм байна. Харин манайд Есүс Христ нь ч алга, Буддизм нь ч бас сонгодог утгаараа ирсэнгүй. Тийм учраас Чингис хаан дээрээ нэгдэн босож ирье, энэ нь бидэндээ илүү ойр гэсэн агуулгатай ном л доо.
Харин өнгөрсөн долоо хоногт С.Молор-Эрдэнэ ИЗНН-аас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэв үү, үгүй юу, жилийн өмнө “Томокогийн найз” нэвтрүүлэгт орохдоо ярьсан яриаг нь тасалж аван сошиалд сэвж гарсан.
Тэнд мэдээж монгол хүн хүлээж авахын аргагүй зүйл яригдсан. “Чингис хаан энэ хүйтэн газар амьдарч байсан байх боломжгүй. Төв Ази хавийн л түүхтэй болов уу. Хаан хүн ядаж ордонтой байх ёстой. Хайгаад олохгүй байна. Ийм хүйтэнд тэр их зэр зэвсэг, хоол хүнсийг хэрхэн бэлтгэх вэ” зэргээр өгүүлжээ.
С.Молор-Эрдэнэ ийм зүйлийг өнөөдөр яриагүй. 10 гаруй жил ярьж яваа.
Нөгөө талаас философич хүн тогтсон ойлголтыг үргэлж эвдэж, шинэчилж, асуулт тавьж, логикоор баталж нотлохыг оролддог. 19-р зуунд Фредерих Ниче гэж том философич төрөн гараад, “Бурхан үхсэн” гэж бичсэн удаатай. Өрнөдийн ертөнцийн хувьд бурхныг үгүйсгэнэ гэдэг хамгийн том нүгэл, сэтгэлгээний хувьд хүлээж авах ямар ч боломжгүй ойлголт байлаа. Номыг нь шатааж, улс орон даяар үзэн ядаж, хавчин гадуурхаж байсан. Хоёр зуун жилийн дараа Ничегийн философи дэлхийн сэтгэлгээний төв болж байна.
Мэдээж хэрэг С.Молор-Эрдэнийг Ничетэй, Чингис хааныг бурхантай харьцуулах арга байхгүй.
Гол асуудал яагаад өнөөдөр түүнийг шалгав. Шалгахдаа яагаад сайдын тушаалаар вэ гэдэгт л төвлөрч байна.
ХЗДХ-ийн сайд аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх хориотой. Хэрэв тэгвэл энэ дарангуйллын нийгэм болно. Нэг хүний үзэмжээр хэрэг нээдэг, хуулийн байгууллага хөдөлдөг байж болохгүй. Энэ хууль зүйн шинжлэх ухааны суурь зарчим мөн.
Гэтэл цаг хугацааны давхцалыг авч үзэхээр хоёр л зүйл ажиглагдаж байгаа юм.
Нэгт, Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөгчийг эрт харлуулан гутаах зорилго. Хэрэвзээ С.Молор-Эрдэнийг шалгах үйл явц удааширвал нэр дэвших хууль эрх зүйн боломжоо ч алдана.
Хоёрт, нийгэмд таалагдах зорилго.
Манай нийгэм Чингис хааныг үгүйсгэсэн хэнийг ч тасчин хаяхад бэлэн сэтгэлгээтэй. Тийм хэмжээний эх оронч хүмүүс. Энэ хөрсөн дээр С.Молор-Эрдэнийг шалгах нь “С.Амарсайхан ч бас зоригтой, эх оронч сайд юм аа. Төр төмөр нүүрээ үзүүлэх хэрэгтэй” гэсэн эерэг оноог авчрах ашигтай.
Аль нь ч бай, С.Амарсайханы үйлдэл араасаа огцрох хэмжээний хариуцлагыг дагуулна.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэнгүүт л шалгаж эхэлж байгаа нь хардах үндэслэл мөн. Эхлээд тасалсан бичлэг сэвэгдэж, араас нь шалгасан үйл явдлын дараалал өөрөө үүнийг бататгаж байгаа.
Шалгах шалгахдаа нөгөө л Эрүүгийн хуулийн 19.9, үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн зүйл заалтыг баримталж байгаа нь нэгийг хэлнэ. Хэргийн үр дагавар, хохирлын хэмжээг бодитоор тооцох боломжгүй ийм заалт бусад оронд дарангуйллын хэрэгсэл болж явдаг. Сингапурт жишээ нь Бээжингийн даалгавраар ийм хууль батлагдсан гэдэг. Ингээд энэ заалтыг ашиглан эрх баригчид өрсөлдөгчдөө намнаж эхэлсэн бодит судлагдахуун бий. Манайд ч бас жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардан жагссан “Ноорог медиа”-гийн залуусыг хойшлуулшгүйгээр баривчлахдаа 19.9-өөр зүйлчлэх гэж үзсэн байдаг. Сүүлдээ мөрийтэй тоглоом тоглосон болоод явчихсан. Мөн Л.Оюун-Эрдэнийг огцруулсны ардаас “Хэро”-гийн Б.Баатарыг 19.9-өөр шалгаж байгаа. Улс төрийн шалтгаанаар хэдийнэ ашиглагдаад эхэлснийг эдгээр жишээ харуулж байна.
Нөгөө талаас өнөө л нүүрсний хулгай, оффтейк гэрээ, Харбины гэрээ, “Go Mongolia”, “Админерал”-ын Бортээгийн уурхай, за цаашлаад одоо хүртэл шийдвэрлэгдээгүй “Эрдэнэт”-ийн 49 хувь, Монголд ирчихээд байгаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гээд жинхэнэ утгаар мухарлах ёстой сэдвүүд бий юу бий. Монголчууд шударга ёсыг эндээс л нэхэж, хүлээж байгаа. С.Молор-Эрдэнээс биш.
Тийм учраас өнөөдөр албан тушаалаа улс төрийн зорилгоор урвуулан ашигласан байх бүрэн магадлалтай энэ асуудалд С.Амарсайхан тайлбар хийх ёстой. Ерөөсөө ХЗДХ-ийн сайд чиглэл өгч, шалгалтын ажиллагаа эхлүүлдэг энэ жишиг үндсээрээ буруу. Учир нь энгийн хэм хэмжээ болоод тогтчихвол маргааш хэнийг ч энэ замаар чирч болно.
Эцэст нь, хуулийн байгууллага ажлаа хийж, үнэн мөнийг тогтооно. С.Молор-Эрдэнийг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэжээ. Харин чиглэл өгдөг С.Амарсайхан сайдын жишгийг ердийн хэм хэмжээ болон тогтохоос өмнө таслан зогсоох учиртай.

