Хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн ажил, сургуульдаа зорчих хөдөлгөөн нэмэгдэж буй энэ үед төмөр замын гарам орчимд анхаарал болгоомжтой зорчихыг холбогдох байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Төмөр замын гарам нь галт тэрэгний хөдөлгөөнтэй огтлолцдог тул жолооч, явган зорчигчид яарч сандралгүй, аюулгүй байдлаа нэн тэргүүнд тавих шаардлагатай. Ялангуяа өглөө, оройн хөдөлгөөн ихтэй үеэр гарам нэвтрэхдээ дохио, тэмдэг, хаалт болон галт тэрэгний хөдөлгөөнийг сайтар анхаарах нь чухал юм.

Гарамд ойртохдоо “Зогс, хар, сонс” гэсэн энгийн боловч амь нас, эрүүл мэндийг хамгаалах чухал зөвлөмжийг ямагт санах хэрэгтэй. Галт тэрэг ойртож байгаа эсэхийг сайтар шалгаж, хаалт буусан болон дохиолол ажиллаж байгаа үед гарам нэвтрэхгүй байхыг анхааруулж байна.
Мөн галт тэрэгний хурд, зогсох зайг тооцоолж амжина гэж найдах нь эрсдэлтэй. Иймээс төмөр замын гарамд нэвтрэхдээ хэдхэн хором хүлээж, хөдөлгөөн бүрэн аюулгүй болсон эсэхийг шалгах нь ослоос сэргийлэх хамгийн зөв алхам юм.
ТҮР ЗОГС, БҮҮ ЯАР!
ЗОГС-ХАР-СОНС.
Өглөө бүр ажил, сургуульдаа яарч байгаа энэ үед хэдхэн секунд анхаарал хандуулах нь таны болон бусдын амь насыг хамгаалж чадна.

