Gerelnews
Post

Соёл урлаг

2026, 9-р сар 02}

Дэлхийн 113 орны төлөөлөл оролцож буй “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам” эхэллээ

AdminAdmin

“Хүчээрээ нэгдэж, сэтгэлээрээ нэгдэнэ” уриатай “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам” Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек, Чолпон-Ата хотод эхэллээ.


Энэ удаагийн наадамд дэлхийн 113 орны 3500 гаруй тамирчин, албан ёсны төлөөлөгч оролцож, нүүдэлчин угсаатны болон уламжлалт спортын 43 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Наадмын спортын хөтөлбөрт морин уралдаан, уламжлалт бөх, сур харваа, бүргэдээр ан хийх зэрэг төрөл багтжээ.

Наадмын албан ёсны нээлтийн ёслол Бишкек хотноо болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт зочноор оролцсон юм. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоан, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди тэргүүтэй төрийн тэргүүн, өндөр түвшний төлөөлөгчид нээлтийн ёслолд оролцжээ.

Монгол Улсаас энэ удаагийн наадамд 47 тамирчин, нийт 135 төлөөлөгч спортын 27 төрөлд оролцож байна. Монголын багийн тугийг Улсын заан Д.Анар залжээ.

Энэ жилийн наадмын нэг онцлог нь Монголын үндэсний бөхийг тэмцээний албан ёсны хөтөлбөрт багтаасан явдал юм. Ингэснээр Монголын үндэсний бөх дэлхийн нүүдэлчин, уламжлалт спортын төлөөлөл болон олон улсын тайзнаа өрсөлдөж, үндэсний өв соёлоо сурталчлах боломж бүрдэж байна.

“Дэлхийн нүүдэлчдийн наадам” нь зөвхөн спортын тэмцээнээр хязгаарлагдахгүй бөгөөд нүүдэлчдийн соёл, урлаг, гар урлал, уламжлалт мэдлэг, түүхийн талаарх арга хэмжээг хамардаг. Энэ удаагийн наадам есдүгээр сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!