Gerelnews
Post

Эдийн засаг

2026, 5-р сар 20}

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа

AdminAdmin

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.05.20/ банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, эдийн засгийн тогтвортой байдал, үндэсний үйлдвэрлэл, санхүүгийн салбарын оролцоо, цаашдын бодлогын чиглэлийн талаар санал солилцлоо.


Уулзалтад УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван болон Монголбанк, арилжааны банкны 1300 гаруй төлөөлөл оролцов.

Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт салбарын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, гадаад, дотоод орчны сорилттой нөхцөлд Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр бодлогын арга хэмжээг тууштай хэрэгжүүлж байгааг онцоллоо. Тэрбээр эдгээр бодлогын үр дүнд макро эдийн засгийн тогтвортой байдал хадгалагдаж, банкны салбарын үндсэн үзүүлэлтүүд хэвийн түвшинд, эрсдэл даах чадвар тогтвортой байгааг тэмдэглэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдэд банкны салбар бодит санхүүжилт, идэвхтэй оролцоогоор дэмжлэг үзүүлж байгааг онцоллоо. Тухайлбал, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгосноор самнасан ноолуурын экспорт өссөн бол “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд чиглэсэн шинэ үйлдвэрүүд ашиглалтад орж, дотоодын үйлдвэрлэл нэмэгдсэн байна. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд банкны салбар 2030 он хүртэл 50 сая мод тарих зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг дурдав.

Түүнчлэн Монголбанк дунд, урт хугацаанд эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд төв банкны засаглал, эрх зүйн орчны шинэчлэлд онцгой анхаарч байгааг тэмдэглэлээ. Энэ хүрээнд “Төв банкны тухай хууль”, “Банкны тухай хууль”-ийн шинэчлэлийг боловсруулж, төв банкны хараат бус байдлыг бэхжүүлэх, бодлогын орон зайг тэлэх, санхүүгийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын үеэр үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд банк, санхүүгийн салбарын оролцоо чухал болохыг тэмдэглэж, эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, барилгын материал, бордооны үйлдвэрлэлийн хараат бус байдлыг хангах нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстойг онцоллоо.

Мөн тэрбээр бүрэн эрхийн хугацааныхаа үлдсэн хугацаанд төрийн албаны сахилга бат, ёс зүй, хариуцлагыг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!