Gerelnews
Post

Улс төр

2026, 11-р сар 01}

Д.Амарбаясгалангийн сонголт: Г.Занданшатартэй эвлэрэхүй

Г.ГэрэлмааГ.Гэрэлмаа

Х.Нямбаатарыг сүүлчийн могикан гэх болжээ. Өөрийгөө дэглэмтэй тэмцэж буй цорын ганц хүн гэж ярих нь олширсон. Харин хүмүүс Л.Оюун-Эрдэнэд ч, Д.Амарбаясгаланд ч хаягдсан болохоор нь тийн нэрийдэж байгаа.


Хамгийн гол нь Х.Нямбаатарт УИХ-ын гишүүний бүрэн эрх алга. Өөрөө сайдаас, гишүүнээс татгалзаж байгаад Нийслэлийн Засаг дарга болсны гор ингэж гарав. Наанаа Ардын нам фронт руу илгээж байгаа явдал гэсэн ч цаанаа хот мөнгөний машин болох эрх зүйн орчин бүрдчихсэнд л бүх учир оршиж байсан. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр бол муу ч сайн ч УИХ-ын гишүүн юм болохоор тэдэнд холбогдох асуудлыг Улсын ерөнхий прокурор оруулж ирэх ёстой, шууд шалгах, нэгжих, баривчлан саатуулах бололцоогүй. Тийм учир тэд тайван, Х.Нямбаатар харин гараад зугтчихсан. 

Гэтэл Л.Оюун-Эрдэнэ улс төрийг ажиглаж байгаа гэж ярилцлага өгөхдөө Сингапур яваагүй гэж огт худал өгүүлэв. Тэр явсан. Билли Лимээс мөнгө босгож аваад эргэн ирэх төлөвлөгөө түүнд байсан талаар олон ч эх сурвалж хэлж байсан. Тэр нь юу юм гэхэд Сингапур явсан нь баттай, нэг онгоцонд сууж буцсан, нүдээрээ үзэж навчаараа сонссон монгол гэрчүүд ч байна. Ингэн ингэн худал хэлэх ямар шаардлага байв? Хүн бүтэлгүй байдлаа л нуудаг шүү дээ.

Л.Оюун-Эрдэнэ бол нэгэнт бүтэлгүйтсэн нь үүгээр тодорхой болдог. Тэгээд ч ойр тойрондоо “Би одоо нэг их улс төрд нөлөөлөхгүй, оролцохгүй. Олон улсын ажлуудаа хийнэ. Эрх мэдлээс хол байж болдгийг үзүүлнэ” гэж ярьсан сурагтай байгаа. Үнэн худлыг бүү мэд. Ямартай ч түүний засаглаж байсан он жилүүдийн төсөвт аудит хийхэд 109 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн нь том асуудал. Л.Оюун-Эрдэнэ дээр үүсэж болох хэргүүд чамгүй, тийм учраас гараад зугтчих бололцоо ч байсан, төрсөн ахыг нь хорьчихсон тул хүн чанар заасандаа бас буцаж ирсэн болов уу?

Харин уржигдар буюу (2026.10.28) Д.Амарбаясгалан мэдэгдэл хийж, улс төр сонирхогчдын дунд сэдэв гаргаж өглөө. Түүний хувьд Х.Нямбаатарын гараас тавьсан шиг зүйл дуугарав. Дэглэм энэ тэр гэдэг тэр хүний л үзэл бодол гэх маягтай. Бүхэл дүндээ улс төрөөс бол зай аваагүй, би байна, байгаа гэдгээ илэрхийлэх гэсэн оролдлого мэт уншигдав. Д.Амарбаясгалан үе үе тэгдэг. 30, 38-ын хуваагдал, Г.Тэмүүлэнг сайдаар томилох хуралдааны бойкотын үеэр нэг ингэж гарч ирж хэвлэлд ярьсан. Тэгээд маргааш нь Ерөнхий сайд Н.Учралтай уулзсан байдаг. 

Харин энэ удаа хэнтэй уулзах бол? Хөшигний ард Д.Амарбаясгалан угийн стратегич ухаанаар ялсан талд налах сонирхолтой байгаа гэж яригдаад удав. Ялсан тал гэж хоёр "У" шүү дээ. Ухнаагийн Хүрэлсүх, Ням-Осорын Учрал. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр. Цаашлаад УИХ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга гээд том эрх мэдлүүд тэдний фракцад харьяалагдаж байгаа цаг. Ийм үеэр Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ хоёртой хөтлөлцөн гүйж хосоо шувтруулах уу, эртхэн Ерөнхийлөгчийн сонгуулийн стратегийг зуралцсан шигээ суух уу гэдэг түүн шиг Алтай нутгийн хүний толгойд бодогдох ёстой асуудал мөн. 

Н.Учрал бол нааш ир гэж дуудсан. Д.Амарбаясгалан бол ЗГХЭГ-ын даргаас Б.Энхбаярыг явуулбал очно, ирнэ, нийлнэ гэсэн гэгддэг. Б.Энхбаяр бол нүүрсний хулгайн сонсгол даргалан явуулахдаа Д.Амарбаясгалангийн “Админерал”, Бортээгийн орд гэдэг сэдвийг олны өмнө гаргаж ирсэн дүр учраас аргагүй. Н.Учрал Б.Энхбаяр дээрээ үнэнч байгаа. Гэхдээ арваннэгдүгээр сар гараад Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдана. Х.Нямбаатараас Д.Пүрэвдагва ажлыг нь авч, нэлээд ротаци хийнэ. Ерөөсөө Нийслэлийн МАН гэдэг бол бараг л УИХ-ын гурван суудал тутмын нэг гэлцдэг. Тийм ч учраас Х.Нямбаатарын зуурч үлдсэн суудал тэдэнд ийм хэмжээний үнэтэй байгаа. Энэ бүтцийг өөрсдийнхөөрөө зурж зангидах үйл явцад Д.Амарбаясгалан хэр оролцох нь уу гэдгийг Н.Учрал намын даргын хувьд харж анхаарч байгаа гэх.

Явж явж өнөөдөр ухсан нүхэндээ өөрөө унав гэж нэр цохон сануулаад байгаа Г.Занданшатартайгаа л тэр эвсэх шинжтэй. Тэдэнд намын даргын төлөө сунгаанд өрсөлдөж явсан үе бий. Муудсан сайдсан цаг байгаа. Харин түүнээс өмнөх цаг хугацааг яривал хамтарч ажилласан бүр ч сайн сайхан жилүүд бий юу бий. Нэг ёсондоо Д.Амарбаясгаланд одоо сонголт байна. Тэр нь Г.Занданшатартай ойлголцож, Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд нь хөшигний ардаас оролцон бэлтгэх. Эс бөгөөс түүнд юу ч үлдсэнгүй. Түүний дэргэд Х.Нямбаатар ч, Л.Оюун-Эрдэнэ ч байхгүй. Анхнаасаа ч байгаагүй гэж болно. Тэр Х.Нямбаатартай таатай харилцаатай яваагүй. Л.Оюун-Эрдэнэ “Админерал”-ынх нь асуудлыг анх хэвлэлд өгч сэвүүлсэн ч гэдэг. Тэгэхээр бод, бод.

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!