Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт Арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хөнгөлөлт ирэх оны Гуравдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаанд үйлчилнэ.
Уг хөнгөлөлтөд Улаанбаатар хот, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүд хамрагдах боломжтой. Ингэхдээ цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй, цагийн ялгаварт тарифт тоолууртай байх шаардлагатай. Мөн цахилгааныг зөвхөн ахуйн хэрэгцээнд болон байнга оршин суудаг гэр, сууцаа халаах зориулалтаар ашигладаг байх ёстой.
Хэрэглээний хязгаар хэд вэ?
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн мэдээллээр 220 болон 380 вольтын хүчдэлд холбогдсон айл өрхийн шөнийн 1,500 кВт.цаг хүртэлх хэрэглээнд хөнгөлөлт тооцох бөгөөд үүнээс давсан хэрэглээнд хөнгөлөлт үзүүлэхгүй гэж мэдээлжээ.
Цахилгааны төлбөр хэрхэн буурах вэ?
Тухайн өрхийн цахилгааны төлбөрийг цагийн ялгаварт тоолуурын заалтаар өдөр, орой, шөнийн хэрэглээг тусад нь тооцож гаргана. Ингэснээр 21:00–09:00 цагийн хооронд ашигласан, хөнгөлөлтөд хамрагдах хэрэглээний төлбөр буурах юм. Харин өдрийн цагаар хэрэглэсэн цахилгаанд уг хөнгөлөлт үйлчлэхгүй.
Түүнчлэн хөнгөлөлтөд хамрагдахын тулд хэрэглэгчид цахилгааны өр төлбөргүй байх, стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх шаардлагатай. Цахилгаан болон галын аюулгүй ажиллагааг мөн хангах үүрэгтэй. Энэхүү зохицуулалт нь гэр хорооллын айл өрхийн өвлийн цахилгаан халаалтын зардлыг бууруулах, агаарын бохирдлыг багасгах зорилготой бөгөөд 2027 оны Гуравдугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжинэ.

