Gerelnews
Post

Спорт

2026, 10-р сар 22}

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Л.АззаяаЛ.Аззаяа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ Япон улсын Айчи-Нагоя хотод болж буй 2026 оны Азийн пара спортын V наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд алтан медаль хүртэж, Азийн пара наадмын хошой аварга боллоо.


Тэрбээр тэмцээний гурав дахь оролдлогоороо 246 кг-ыг амжилттай өргөж, аваргын алтан медалийг хүртсэн байна. Түүний өрсөлдөгч, Ираны тамирчин Алиакбар Гарибши 245 кг өргөж, мөнгөн медаль хүртжээ. Э.Содномпилжээ эхний оролдлогоор 231 кг, хоёр дахь оролдлогоор 236 кг-ыг амжилттай өргөсөн юм.

14 наснаасаа спортын гараагаа эхэлжээ

Энхбаярын Содномпилжээ 1985 оны Наймдугаар сарын 24-нд төрсөн. Тэрбээр 14 настайгаасаа спортод хөл тавьж, пауэрлифтингийн төрлөөр хичээллэж эхэлсэн байна. Дунд сургуулийн сурагч байхдаа ясны хорт хавдрын улмаас нэг хөлөө тайруулсан ч спортоо орхиогүй бөгөөд боловсрол эзэмшихийн зэрэгцээ тамирчны замналаа үргэлжлүүлжээ.

Тэрбээр 2003 онд Эдийн засаг, бизнесийн дээд сургуульд элсэн орж, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил эзэмшсэн байна. Анхны дасгалжуулагч нь Олон улсын хэмжээний мастер Ш.Энхсайхан бөгөөд 2009 онд бэлтгэлдээ эргэн орсноор олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцох болжээ.

Паралимпын алт, дэлхийн дээд амжилтын эзэн

Э.Содномпилжээ 2016 оны “Рио” зуны паралимпын наадмаас хүрэл медаль хүртэж, Монголын пауэрлифтингийн спортын түүхэнд паралимпын медальтан болсон. Улмаар 2018 оны “Жакарта” Азийн пара наадмаас алтан медаль хүртсэн бол 2021 оны “Токио” зуны паралимпын наадамд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, аваргын алтан медаль хүртсэн юм.

Түүний паралимпын амжилтыг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны арваннэгдүгээр сарын 11-ний зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одонгоор шагнажээ. Мөн 2024 оны “Парис” зуны паралимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн тэрбээр 2026 оны Азийн пара наадмын алтан медалиар амжилтаа үргэлжлүүллээ.

Э.Содномпилжээ ийнхүү Азийн пара наадмаас хоёр дахь алтан медалиа хүртэж, Монгол Улсын нэрийг тивийн тавцанд дахин мандууллаа.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!