Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 22}

Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 5.92 сая төгрөг байна

Л.АззаяаЛ.Аззаяа

Улаанбаатар хотод 2026 оны Есдүгээр сарын байдлаар хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.86 сая төгрөг байгаа бол шинэ орон сууцных 4.78 сая төгрөг байна. Дүүргээр харьцуулбал Сүхбаатар дүүрэгт орон сууцны үнэ хамгийн өндөр байгаа талаар Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.


Үндэсний статистикийн хорооны орон сууцны үнийн статистикаар Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 5.52 сая төгрөг, хуучин орон сууцных 5.92 сая төгрөг байна. Харин Хан-Уул дүүрэгт шинэ байрны үнэ 4.73 сая, хуучин байрных 5.35 сая төгрөгт хүрчээ.

Харин бусад дүүргийн хувьд Баянгол болон Баянзүрх дүүрэгт шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.6 сая төгрөг байна. Сонгинохайрхан дүүрэгт энэ үзүүлэлт 3.63 сая төгрөг байгаа нь дээрх дүүргүүдээс харьцангуй бага байна.

Хуучин орон сууцны үнийг харьцуулахад Чингэлтэй дүүрэгт нэг метр квадрат талбайн дундаж үнэ 5.52 сая, Баянзүрх дүүрэгт 4.64 сая, Баянгол дүүрэгт 4.27 сая, Сонгинохайрхан дүүрэгт 3.35 сая төгрөг байна.

Ийнхүү 50 метр квадрат талбайтай орон сууцны үнийг дундаж үнээр тооцвол Сүхбаатар дүүрэгт шинэ байр 276 сая, хуучин байр 296 сая төгрөгийн үнэтэй байх тооцоо гарч байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт ижил талбайтай шинэ байр 181.5 сая, хуучин байр 167.5 сая төгрөг болно.

Үндэсний статистикийн хороо эдгээр үзүүлэлтийг цахим орчин дахь орон сууцны зарын мэдээлэлд үндэслэн тооцдог. Тиймээс статистикт дурдсан дундаж үнэ нь бодитоор хийгдсэн худалдах, худалдан авах хэлцлийн үнэ болон тодорхой байрны эцсийн борлуулах үнэтэй заавал ижил байхгүй юм.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!