2026 оны Аравдугаар сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд 169.1 мянган тонн төмс хураан авч, ургац хураалтын ажил бүрэн дууссан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ.
Энэ онд Монгол Улс 12.8 мянган га талбайд төмс тариалсан байна. Ургац хураалтын дүнгээр нийт 169.1 мянган тонн төмс хураан авчээ. Мөн хүнсний ногооны 177.6 мянган тонныг хураан авсан бөгөөд хураалтын ажил үргэлжилж байгаа аж.
Төмс, хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтвортой байлгах, улирлын чанартай хомсдол болон үнийн огцом хэлбэлзлээс сэргийлэх зорилгоор нөөц бүрдүүлэх ажил эхэлжээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын гурван аж ахуйн нэгжийн нийт 4500 тонн, орон нутгийн хоёр аж ахуйн нэгжийн 7500 тонн багтаамжтай агуулахыг ашиглахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

