Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 09}

Оросын шатахууны хямрал Монголд яагаад ингэж хурдан мэдрэгдэв?

Админ СэтгүүлчАдмин Сэтгүүлч

Сүүлийн саруудад Улаанбаатарын шатахуун түгээх станцуудын өмнө урт дараалал үүсэж, АИ-92 автобензин тасалдах тохиолдол давтагдлаа. Gerelnews.mn энэ хугацаанд шатахууны нөөц бүрдэхгүй, орж ирж буй бүтээгдэхүүнийг ШТС-уудад шууд хуваарилж байгаа болон ОХУ-аас нийлүүлэх хэмжээ буурсныг тухай бүр мэдээлсэн. Харин энэ удаад бид хомсдолын тухай дахин мэдээлэхээс илүүтэй, ОХУ-д үүссэн шатахууны асуудал яагаад Монголын зах зээлд ийм хурдан мэдрэгдэв гэдгийг тоо баримтаар тайлбарлахыг зорилоо.


Есдүгээр сарын 3-нд Ройтерс агентлаг ОХУ-ын шатахууны нийлүүлэлтийн хүндрэл Монголд хүчтэй нөлөөлж байгааг онцолсон. Украины дроны халдлагын улмаас Оросын газрын тос боловсруулах хэд хэдэн үйлдвэр доголдож, дотоодын эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор тус улс бензин, дизель түлшний экспортоо хязгаарласан юм. Монгол Улс Засгийн газар хоорондын тохиролцооны хүрээнд зарим экспортын хоригт шууд хамрагддаггүй ч энэ нь нийлүүлэлт ямар ч нөхцөлд хэвийн үргэлжилнэ гэсэн үг биш. Учир нь Монголд ирэх шатахууны хэмжээ эцсийн дүндээ ОХУ-ын үйлдвэрүүд хэр хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргах боломжтой байгаагаас шалтгаална.

Нэг улсаас 97 хувь хамаардаг зах зээл

Манай шатахууны зах зээлийн хамгийн эмзэг цэг энд байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээллээр Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ 97 орчим хувийг ОХУ-аас импортолдог. Өөрөөр хэлбэл, манай шатахууны хэрэглээ үндсэндээ нэг улсын үйлдвэрлэл, экспорт, төмөр замын тээврээс хамаарсан бүтэцтэй.

Ийм нөхцөлд ОХУ-аас нийлүүлэлт бүрэн зогсдоггүй юм гэхэд нийлүүлэлт мэдэгдэхүйц буурахад л Монголын зах зээлд шууд мэдрэгдэх эрсдэлтэй. Учир нь шатахууны хэрэглээ тогтмол үргэлжилдэг бол импортын хэмжээ буурсан хэсгийг нөхөх өөр том нийлүүлэгч өнөөдөр манайд алга.

АИ-92 автобензиний ердийн хэрэглээ 64–65 мянган тонн орчим, эрэлт огцом нэмэгдэхэд 75–80 мянган тонн хүрдэг тухай бид өмнө нь мэдээлж байсан. Гэтэл ОХУ-аас нийлүүлэх хэмжээ зарим сард үүнээс доогуур түвшинд хүрсэн. Ийм үед импорт тасраагүй байсан ч агуулахын нөөц нөхөгдөхгүй, ирсэн шатахууныг шууд ШТС-уудад хуваарилах шаардлага үүсдэг.

Тиймээс “шатахуун хилээр орж ирж байгаа атал яагаад ШТС дээр олдохгүй байна вэ” гэсэн иргэдийн асуултад нэг энгийн тайлбар бий. Орж ирж байгаа хэмжээ нь тухайн үеийн хэрэглээг гүйцэхгүй бол импорт үргэлжилж байсан ч хомсдол үүсч болно.

Асуудал зөвхөн Монголын хил дээр үүсээгүй

Энэ удаагийн нөхцөл байдлыг зөвхөн Монголын импортлогч компаниудын зохион байгуулалт, вагон сааталтай холбон тайлбарлахад хангалтгүй. ОХУ өөрөө ч шатахууны дотоодын хангамждаа хүндрэлтэй тулгарсан.

Reuters-ийн мэдээллээр Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд дроны халдлагад өртөж, үйлдвэрлэлийн хүчин чадал буурсны дараа тус улс зарим төрлийн шатахууны экспортоо хязгаарласан. Улмаар өөрийн дотоодын хэрэгцээг нөхөхийн тулд гаднаас газрын тосны бүтээгдэхүүн авах хүртэл арга хэмжээ авсан байна.

Энэ нь Монголд үүссэн хомсдолын эхлэл заавал Замын-Үүд, Сүхбаатар боомт, эсвэл Улаанбаатарын агуулахаас эхлээгүйг харуулна. Асуудлын нэг хэсэг нь Монголын хилээс хэдэн мянган километрийн цаана, Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд дээр эхэлсэн гэсэн үг.

Яагаад Монголд хурдан мэдрэгдэв?

Монгол жижиг зах зээлтэй ч шатахууны эрэлт харьцангуй тогтвортой. Харин нийлүүлэлтийн эх үүсвэр маш цөөн. Энэ хоёр нөхцөл нийлээд гадны хямралд амархан өртөх нөхцөл болдог.

Хэрэв импортын 97 хувийг нэг улсаас биш, хэд хэдэн улсаас харьцангуй тэнцвэртэй авдаг байсан бол нэг нийлүүлэгчийн асуудлыг нөгөөгөөр хэсэгчлэн нөхөх боломжтой. Харин өнөөгийн нөхцөлд ОХУ-ын нийлүүлэлт буурахад БНХАУ, БНСУ-аас хэдхэн хоногийн дотор ижил хэмжээний шатахуун татаж нөхөх логистик, гэрээ, дэд бүтэц бүрдээгүй байна.

Нөгөө талд хомсдолын мэдээлэл гармагц иргэд сав, канистрт их хэмжээгээр шатахуун авч нөөцлөх нь богино хугацаанд эрэлтийг нэмэгдүүлдэг. Гэхдээ үүнийг хомсдолын үндсэн шалтгаан гэж үзэх боломжгүй. Харин аль хэдийн буурсан нийлүүлэлт дээр нэмэлт дарамт болдог хүчин зүйл юм.

Энэ удаагийн хомсдол юуг харуулав?

Монгол Улс БНХАУ, БНСУ-аас шатахуун импортлох хэмжээг нэмэгдүүлэх, эх үүсвэрээ төрөлжүүлэх талаар сүүлийн саруудад идэвхтэй ярьж эхэлсэн. Мөн дотоодын газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол импортын тодорхой хэсгийг орлох боломжтой гэж Засгийн газар тайлбарлаж байгаа.

Гэхдээ өнөөдрийн бодит нөхцөл өөрчлөгдөөгүй байна. Монгол Улсын шатахууны хэрэглээ үндсэндээ импортоос, импорт нь үндсэндээ ОХУ-аас хамаарсан хэвээр.

Тиймээс дараагийн удаа ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэр доголдох, экспорт буурах, төмөр замын ачилт саатах үед Монголын зах зээлд дахин дараалал үүсэх эрсдэлийг үгүйсгэх аргагүй.

Энэ удаагийн шатахууны хомсдолыг зөвхөн нэг сарын нийлүүлэлт, эсвэл иргэдийн нөөцлөлтөөр тайлбарлахад учир дутагдалтай. Үндсэн асуудал нь Монгол Улс стратегийн чухал бүтээгдэхүүнийхээ бараг бүх импортыг нэг улсаас авдаг бүтцийн хамаарал юм.

Тэгвэл цаашдаа яах вэ?

Засгийн газар богино хугацаанд ОХУ-аас ирэх нийлүүлэлтийг тогтворжуулахын зэрэгцээ БНХАУ, БНСУ-аас авах шатахууны хэмжээг нэмэгдүүлж, импортын эх үүсвэрээ төрөлжүүлэхээр ажиллаж байна. Харин 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн газрын тос боловсруулах үйлдвэр дотоодын хэрэглээний 50–55 хувийг хангаж чадвал ОХУ-аас хамаарах өнөөгийн өндөр хамаарал мэдэгдэхүйц буурах боломжтой. Гэхдээ эдгээр арга хэмжээ бодитоор хэрэгжиж, тогтвортой нийлүүлэлт бүрдэх хүртэл Монголын шатахууны зах зээл ОХУ-д үүсэх нийлүүлэлтийн доголдолд эмзэг хэвээр байна.

Эх сурвалж: Reuters, Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Gerelnews.mn

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!