Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 06}

“Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-гийн менежментийг нийслэлд шилжүүлнэ

Админ СэтгүүлчАдмин Сэтгүүлч

“Рио Тинто Монгол” ХХК Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун хэсэгт байгуулсан “Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-гийн менежментийг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлэхээр болжээ. Тус компани 2024 оны Долоодугаар сард паркийг ашиглалтад оруулахдаа менежментийг дахин хоёр жил хариуцаж, 2026 оноос хотын захиргаанд хүлээлгэн өгөхөөр төлөвлөснөө албан ёсоор мэдээлж байсан юм.


Тэгвэл өнөөдөр буюу Аравдугаар сарын 6-нд паркийн амфитеатрт зохион байгуулах “Улаанбаатарын үдэш” арга хэмжээний үеэр менежментийг албан ёсоор хүлээлгэн өгөхөөр мэдээлжээ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл 2022 онд эхэлсэн.

Тухайн үед “Рио Тинто Монгол”, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Хүүхдийн паркийн баруун хэсгийн 10 орчим га талбайг нийтийн зориулалттай ногоон орон зай болгон тохижуулахаар тохиролцсон. Улмаар 10.2 га талбайг тохижуулахдаа нийслэлийн 10 мянга гаруй иргэний саналыг зураг төсөлд тусгаж, задгай театр, хүүхдийн тоглоомын талбай, цөөрөм, усалгааны систем зэрэг байгууламжийг шийджээ. Мөн 40 мянга гаруй мод, бут тарьж, нийт талбайн 80 орчим хувийг ногоон байгууламж болгон тохижуулсан байна.

Парк ашиглалтад орсноосоо хоёр сарын дараа олон улсын Green Flag Award-ийн шалгуурыг хангаж, уг шагналыг хүртсэн. Green Flag Award-ийн албан ёсны мэдээлэлд Улаанбаатарын цэцэрлэгт хүрээлэнг 2022 оноос хотын захиргаатай хамтран шинэчилж, 2024 оны Долоодугаар сарын 3-нд нээсэн гэж тэмдэглэжээ.

Тус үнэлгээгээр цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтоос гадна орчны цэвэр, аюулгүй байдал, тогтвортой менежмент, байгаль орчны зохистой удирдлага болон олон нийтэд хүртээмжтэй байдлыг шалгадаг. Ийнхүү “Рио Тинто Монгол” төслийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлээд зогсохгүй ашиглалтад орсноос хойших эхний хоёр жилийн менежментийг хариуцсаны дараа анх төлөвлөсний дагуу хотын захиргаанд шилжүүлж байна. Цаашид паркийн ногоон байгууламж, усалгааны систем, нийтийн эзэмшлийн тохижилт болон олон улсын стандартад нийцсэн менежментийг хэвээр хадгалах асуудал Улаанбаатар хотын захиргааны хариуцах ажил болох юм.

Эх сурвалж: “Рио Тинто Монгол” ХХК, Green Flag Award.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!