Gerelnews
Post

Эрүүл мэнд

2026, 10-р сар 09}

Судалгаанд хамрагдсан уурхайчдын талаас илүү нь нойрны асуудалтай байжээ

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

АШУҮИС болон Японы Gunma University-ийн судлаачдын хамтарсан судалгаагаар Монголын уурхайн ажилчдын талаас илүү нь нойрны асуудалтай гэх дүгнэлт гарчээ.


The Kitakanto Medical Journal сэтгүүлд 2025 онд нийтэлсэн уг судалгаанд нэг уурхайн нийт 329 ажилтан хамрагдсанаас ээлжийн ажилчдын 56.0 хувь, өдрийн ажилчдын 51.2 хувь нь нойрны мэдэгдэхүйц хямралтай гэж үнэлэгдсэн байна. Судлаачид нойрны чанарыг олон улсад өргөн ашигладаг Pittsburgh Sleep Quality Index буюу PSQI үнэлгээгээр хэмжжээ.Энэхүү үнэлгээ нь нойрны чанараа хүн өөрөө хэрхэн үнэлж байгаа; унтах хүртэл хэдэн цаг зарцуулдаг; нийт хэдэн цаг унтдаг; орондоо өнгөрүүлсөн хугацаа болон үнэхээр унтаж байгаа цаг; шөнө хэчнээн олон удаа сэрдэг; нойрны эм хэрэглэдэг эсэх; өдрийн цагаар нойрмоглох, ядрах зэрэг өдөр тутмын хэвшилд нөлөөтэй эсэх 7 үзүүлэлтээр дүгнэдэг байна.

Судалгаагаар уурхайн ээлжийн ажилчдын дунд ажлын стресс нойрны асуудалтай өндөр хамааралтай байгааг тогтоожээ. Тодруулбал, дунд болон өндөр түвшний стресстэй ээлжийн ажилчид нойрны хямралтай байх үзүүлэлт стресс багатай ажилчдаас 2.67 дахин өндөр байжээ. Мөн уурхайд 11-ээс дээш жил ажилласан хүмүүсийн дунд нойрны асуудал илүү түгээмэл байсан байна. Гэхдээ уг судалгаа нэг уурхайн ажилчдыг хамруулсан тул үр дүнг монголын бүх уурхайчинд шууд хамааруулах боломжгүйг судлаачид тэмдэглэжээ.

Судалгааны дүнгээс харахад уурхайчдын нойрны асуудлыг зөвхөн хувь хүний амралт, дадал зуршилтай холбон үзэхээс гадна ажлын ачаалал, стресс, ээлжийн зохион байгуулалттай хамтатган авч үзэх шаардлагатай байна. АНУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс шөнийн болон уртасгасан ээлж нь нойр дутуу байх, ядрах эрсдэлийг нэмэгдүүлж болохыг анхааруулдаг. Тиймээс уурхайн байгууллагууд ажилтны ядаргаа, стрессийг тогтмол үнэлэх, ээлж хоорондын амралтыг зохистой төлөвлөх, нойрны эрүүл мэндийн талаарх зөвлөгөө, дэмжлэгийг нэмэгдүүлэх нь чухал юм.

Эх сурвалж: The Kitakanto Medical Journal, 2025. DOI: 10.2974/kmj.75.15; J-STAGE; NIOSH.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!