Gerelnews
Post

Эрүүл мэнд

2026, 9-р сар 30}

Нийслэлд томуугийн вакцинд 179.5 мянган иргэн хамрагджээ

Л.АззаяаЛ.Аззаяа

Нийслэлийн хэмжээнд үргэлжилж буй томуугийн эсрэг дархлаажуулалтын аяны хүрээнд зорилтот бүлгийн 179,546 иргэн вакцинд хамрагдаад байна. Энэ нь нийт хамрагдахаар төлөвлөсөн иргэдийн 67.22 хувийг эзэлж байна.


“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян Есдүгээр сарын 3-наас Аравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилж байна. Энэ жилийн дархлаажуулалтад томуугаар өвдөх өндөр эрсдэлтэй 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, боловсрол болон эрүүл мэндийн байгууллагын ажилтан, архаг суурь өвчтэй иргэдийг хамруулж байгаа бөгөөд нийт 293,619 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Энэ жилийн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад БНСУ-д үйлдвэрлэсэн GCFLU Quadrivalent буюу дөрвөн цэнт вакциныг хэрэглэж байна. Тус вакцин нь томуугийн А хүрээний хоёр, В хүрээний хоёр төрлийн вирусээс сэргийлэх зориулалттай.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улирлын томуугийн идэвхжил Аравдугаар сарын дунд үеэс нэмэгдэх хандлагатай ч энэ жил эрт эхэлж болзошгүйг анхаарууллаа. Ялангуяа 6 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдийн вакцины хамралт харьцангуй бага байгаа тул эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг зөвлөж байна.

Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндийн байдлыг харгалзан, эмч мэргэжилтний зөвлөгөөний дагуу томуугийн вакцинд хамруулах нь өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой аж.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!