Gerelnews
Post

Эрүүл мэнд

2026, 9-р сар 24}

Иоджуулсан давсны хэрэглээ буурч, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн иодын үзүүлэлт доогуур гарчээ

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Иод нь бамбай булчирхайн даавар үүсэхэд шаардлагатай бичил элемент бөгөөд иод дутагдах нь бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаа, хүүхдийн мэдрэл, оюуны хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.


Монгол Улсын “Хүн амын хоол тэжээлийн байдал” Үндэсний VI судалгаагаар 6–11 насны хүүхдийн шээсний иодын голч хэмжээ 93.6 мкг/л гарсан нь зохист түвшнээс 6.4мкг/л-ээр бага, жирэмсэн эмэгтэйчүүдийнх 76.4 мкг/л буюу 73.6мкг/л-ээр бага байгаа нь тогтоогджээ. ДЭМБ-ын хүн амын бүлгийн үнэлгээгээр 6-11 насны хүүхдийнх 100 мкг/л, жирэмсэн эмэгтэйнх 150 мкг/л байвал зохист хэмжээ гэж үздэг байна.

Мөн тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн давсны дээжийн 47.1 хувь зохистой хэмжээнд иоджуулсан байсан бол 42.4 хувь нь иод агуулаагүй байжээ. Судалгааг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр 2023 онд зохион байгуулсан.

Судалгааны тайланд иод дутлаас сэргийлэх бодлогын хэрэгжилт суларч, дотоодын иоджуулсан давсны үйлдвэрлэл болон өрхийн хэрэглээ буурсныг дурджээ. Иймээс иоджуулсан давсны үйлдвэрлэл, нийлүүлэлт, чанарын хяналтыг сайжруулж, өрхийн хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай талаар дурдсан байна.

ДЭМБ иоджуулсан давс хэрэглэх нь иодын дутлаас сэргийлэх хүн амын түвшний арга гэж зөвлөдөг. Гэтэл манай улсын хувьд иргэдийн давсны сонголт олширч, олон төрлийн эрдэс агуулсан давсыг хэрэглэж байгаа ч иоджуулсан давсны хэрэглээ буурсан харамсалтай үр дүн гарчээ. Иймд давсны хэрэглээгээ нэмэхгүйгээр иоджуулсан давсныг түлхүү сонгохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх сурвалж: Хүн амын хоол тэжээлийн байдал” Үндэсний VI судалгаа, 2023 он

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!