Дэлхийн 83 орны 2800 гаруй тамирчин өрсөлдсөн таэквондогийн ПҮМСЭ төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн холимог хосын төрөлд Монголын тамирчин Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар алтан медаль хүртэж, эх орныхоо төрийн дууллыг дэлхийн тавцнаа эгшиглүүлсэн билээ.
Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж, бахдам амжилт үзүүлсэн нийслэлийн 23 дугаар сургуулийн 8В ангийн сурагч Ц.Шинэ-Эрдэнийг дэлхийн аваргын алтан медальтай эх орондоо ирсэнд сургуулийн удирдлагууд, багш, сурагчид нь хүндэтгэл үзүүлэн угтаж, баяр хүргэлээ.
Ёслолтын арга хэмжээний үеэр сургуулийн удирдлагууд 2026-2027 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөн бэлэг барьжээ.
.jpeg)
Мөн тус арга хэмжээний үеэр Ц.Шинэ-Эрдэнэ хүү дэлхийн аварга болсон үеийн сэтгэгдэл, цаашдын зорилгынхоо талаар хуваалцсан бол 23 дугаар сургуулийн захирал Ш.Оюунсүрэн түүний гаргасан амжилтын талаар сэтгэгдлээ илэрхийллээ.
Ц.Шинэ-Эрдэнэ алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлсэн мөчийн сэтгэгдлээ хуваалцахдаа “Аваргын медаль авахад зүүд шиг л санагдаж байсан. Үнэхээр гоё байсан. Дэлхийн аварга болох зорилго тавин бэлтгэлээ хийж ирсэн болохоор энэ жил дэлхийн аваргад оролцох эрхээ авсандаа ихэд баярлаж байсан. Би таэквондогийн спортоор 2019 оноос хичээллэж эхэлсэн бөгөөд өдгөө найман жил энэ спортоор хичээллэж байгаа. Дэлхийн аваргад оролцох эрхээ авсны дараа тэмцээний өмнөх сэтгэл зүйдээ их анхаарсан” хэмээсэн юм.

Мөн “Багаасаа таэквондод дурласан учраас бэлтгэл хийх бүрдээ баяртай байдаг. Тус спорт нь их хүндлэлтэй спорт учраас их дуртай. Дэлхийн аварга болоход нь суурийг нь зөв тавьж өгсөн клубийн багш Эрдэнэcүрэн, Билэгсайхан болон шигшээ багийн багшдаа баярлалаа. Үеийнхэндээ хандаж хэлэхэд спортоор хичээллээрэй, тууштай яваарай” хэмээн уриаллаа.
Ц.Шинэ-Эрдэнэ дэлхийн аваргын энэ амжилтыг цаашдын зорилгынхоо эхлэл хэмээн тодотгосон бөгөөд цаашлаад Азийн наадам, Азийн аварга, залуучуудын болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд, Олимпийн аварга болох зорилготой байгаагаа мөн хуваалцсан юм.

23 дугаар сургуулийн захирал Ш.Оюунсүрэн тус арга хэмжээний үеэр сэтгэгдлээ хуваалцахдаа “Тамирчин байна, аварга болно, амжилтад хүрнэ гэдэг бол зөвхөн алтан медаль зүүнэ гэсэн үг биш. Үүний цаана тухайн хүүхэд, тухайн баг, хамт олны нөр их хөдөлмөр, хамгийн гол нь тууштай, тэвчээртэй, хариуцлагатай байсны үр дүн байдаг. Шинэ-Эрдэнийн энэхүү амжилт нь сургуулийн сурагчид төдийгүй үе тэнгийн хүүхэд, залууст үлгэр дуурайлал болж байна. Мөн сургуулийн зүгээс Ц.Шинэ-Эрдэнийг 2026-2027 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөн бэлэг барьж байгаа.” хэмээн онцоллоо.


