Уур амьсгалын өөрчлөлт, халдварт өвчин, хүнсний аюулгүй байдал зэрэг хил дамнасан эрсдэлийг улс орнууд дангаараа шийдвэрлэх боломжгүй тул Азийн орнууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатайг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар онцоллоо.
“Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын эв санааны нэгдлийг хангах олон улсын форум” Улаанбаатар хотноо эхэллээ.
Форумын үеэр Э.Батшугар уур амьсгалын өөрчлөлт нь байгаль орчинд төдийгүй хүн амын эрүүл мэнд, халдварт өвчний тархалт, хүнсний аюулгүй байдалд шууд нөлөөлж буйг тэмдэглэв. Тиймээс эдгээр эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа чухал болохыг хэллээ.
Тэрбээр дэлхийн сүрьеэгийн шинэ тохиолдлын 60 гаруй хувь Ази тивд бүртгэгддэгийг онцлоод, Монгол Улс сүрьеэгийн дарамт өндөртэй орны хувьд эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг анхан шатны тусламж, үйлчилгээтэй уялдуулан бэхжүүлж байгааг мэдээлэв.
Монгол Улсын санаачилгаар 2018 оноос зохион байгуулж буй “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ жил ес дэх удаагаа болж байна. Форумын хүрээнд Азийн орнууд туршлага, шинжлэх ухааны ололт, мэдээлэл, технологио хуваалцаж, эрүүл мэндийн нийтлэг эрсдэлд хамтран хариу арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэж байна.
Мөн хүний болон мал, амьтны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, байгаль орчныг уялдуулан авч үздэг “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг бүс нутгийн хамтын ажиллагаагаар бэхжүүлэх шаардлагатайг Э.Батшугар дурдлаа. Тэрбээр “Эрүүл мэндийн эрсдэл хил хязгааргүй учраас хариу арга хэмжээ ч хамтын байх ёстой” гэдгийг онцолсон юм.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам