УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган өнөөдөр буюу есдүгээр сарын 7-нд эхэлж, 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголтой холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлоод байна.
Энэ хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудал хамт яригдана.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын гол зорилго нь төрийн зардлыг бууруулж, 1.4 их наяд төгрөгийн зардал хэмнэх явдал юм. Хэмнэсэн эх үүсвэрийг ахмад настны орлогын баталгааг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах, боловсролын хүртээмжийг сайжруулах, эрчим хүч болон стратегийн нөөцийн найдвартай байдлыг хангах зэрэг нийгэм, эдийн засгийн шаардлагатай арга хэмжээнд чиглүүлэхээр тусгасан байна.
Харин төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд орон нутгийн төсвийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах эрхийг нээж, төсвийн нийт зардал болон алдагдлыг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зохицуулалт тусгасан байна. Бусад эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг өөрчлөхгүй байхаар тооцжээ.
Ингэснээр ээлжит бус чуулганаар төрийн зардлыг хэрхэн танах, төсвийн алдагдал болон зарцуулалтыг хэрхэн зохицуулах, хэмнэсэн хөрөнгийг ямар салбар, арга хэмжээнд чиглүүлэх зэрэг асуудал голлон хэлэлцэгдэх юм.
УИХ-ын албан ёсны хуваарийн дагуу есдүгээр сарын 7-нд нэгдсэн хуралдаан хуралдаж, улмаар холбогдох байнгын хороод төсвийн тодотголын төслийг хэлэлцэнэ. Есдүгээр сарын 14-нд нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр товлосон байна.

