УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нар Эрдэнэдалай, Адаацаг, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Хулд, Луус сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа.
Уулзалтын үеэр УИХ-ын үйл ажиллагаа, татвар, нийгмийн даатгалын реформ, 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төсөл зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, орон нутагт тулгамдаж буй асуудал, иргэдийн санал хүсэлтийг сонсов.
Иргэдийн зүгээс төрийн захиргааны болон тусгай алба хаагчдын цалин, урамшуулал, сум орон нутагт ажиллах багш, боловсон хүчний хүрэлцээ, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, орон сууцны хүртээмж, төсөвт байгууллагуудын барилга байгууламжийн засвар, техник тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах шаардлагатайг хэлж, шийдвэрлүүлэх хүсэлтээ уламжилжээ.
Мөн 2027 оны улсын төсвийн төсөлд Дундговь аймагт хэрэгжүүлэхээр тусгасан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний талаар танилцуулж, уулзалтаас гарсан санал, хүсэлтийг холбогдох түвшинд уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллахаа албаныхан илэрхийлсэн байна.
Түүнчлэн аймагт цөлжилтийг бууруулах, хөв цөөрөм байгуулах, мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудтай танилцжээ.
Эх сурвалж: Төсвийн байнгын хороо

