Азийн хөгжлийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус станц нь Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн барилгажилт, шинэ хэрэглэгчдийн өсөн нэмэгдэх дулааны хэрэгцээг хангах зорилготой юм. Өнөөдрийн байдлаар гурван зуухны үндсэн барилга, тоног төхөөрөмж, металл хийц, нүүрсний агуулах, туузан дамжуулга, уутат шүүлтүүр, яндан болон бусад туслах байгууламжийн угсралтын ажлууд үргэлжилж байна.

Дамбадаржаа дулааны станц төслийн Дулаан хангамжийн инженер Г.Цэндийн мэдээлснээр, барилгын ерөнхий гүйцэтгэгч “Хятадын Хоёрдугаар металлурги групп корпорац” ХХК-ийн 150 инженер, техникийн ажилтан талбайд ажиллаж байгаа аж.
Станц бүрэн ашиглалтад орсноор Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн 5000 орчим өрхийг найдвартай дулаанаар хангах боломж бүрдэх юм. Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өвлийн оргил ачааллын үеийн дулааны хэрэглээний хязгаарлалтыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж буй юм.
Түүнчлэн “Сэлбэ 20 минут хот” төслийн хүрээнд баригдаж буй 77 блок барилгын ажил дууссаны дараа шинээр бий болох хэрэглэгчдийг дулаан хангамжийн системд холбох нөхцөл бүрдэнэ гэв.

