Балба, БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны хил орчимд наймдугаар сарын 26-нд мөсөн голын хэсэг нурж, улмаар уулын хүчтэй үер, шавар, хад чулууны нуранги буусны улмаас олон хүн амиа алдаж, 1400 гаруй хүн сураггүй болоод байна.
Анхны мэдээллээр Балбын Расува муж болон Төвөдийн Жирон хошуу орчимд үерийн улмаас 160 гаруй хүн амиа алдсан гэж мэдээлж байсан бол аврах ажиллагаа үргэлжлэхийн хэрээр хохирлын тоо нэмэгдэж, наймдугаар сарын 27-ны байдлаар хоёр улсын нутаг дэвсгэрт 390 гаруй хүн амиа алдсан байна. Мөн 1400 гаруй хүн сураггүй байгааг холбогдох байгууллагууд мэдээлжээ.
Мөсөн голын нуранги үерийн шалтгаан болжээ
Балбын нутаг дахь Лхэндэ голын орчимд мөс, хад чулуу нурж, их хэмжээний нуранги голын сав руу орсноор асар хүчтэй үер үүссэн гэж урьдчилсан судалгаагаар тогтоогоод байна.
АНУ-ын Геологийн алба анх газар хөдлөлт гэж бүртгэгдсэн чичирхийлэл нь үнэндээ мөсөн голын хад, мөс нурж, улмаар нуранги үүссэнээс бий болсон чичирхийлэл байсныг мэдээлжээ. Хиймэл дагуулын зурагт мөн мөсөн голын хэсэг болон түүний доорх уулын чулуулгийн масс нурсан ул мөр илэрсэн байна.
Үерийн ус, шавар, хад чулуу уулын нарийн хөндийгөөр маш өндөр хурдтай уруудан, Балбын олон суурин, зам, гүүр, эрчим хүчний байгууламжийг сүйтгэжээ. Зарим газарт голын усны түвшин ердөө 30 минутын дотор есөн метр хүртэл нэмэгдсэн байна.
Сураггүй болсон хүмүүсийн дунд олон улсын жуулчид, мөргөлчид байна
Гамшигт өртсөн бүс нь Балбаас Төвөд рүү зорчих жуулчид, мөргөлчдийн гол замуудын нэг бөгөөд Кайлаш уул, Манасаровар нуур руу зорьж байсан олон хүн тухайн үед бүс нутагт байжээ.
Балбын талд сураггүй болсон хүмүүсийн дунд Энэтхэг, АНУ, Австрали, Их Британи, Канад зэрэг олон орны иргэд байгаа бол Төвөдийн Жирон хошуунд сураггүй болсон 558 хүний 260 нь гадаадын иргэн болохыг Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
Хятад, Балба аврах ажиллагааг эрчимжүүлж байна
Балбын нутагт аврах ажиллагаанд 5000 гаруй цэрэг, цагдаагийн алба хаагч дайчлагдаж, нисдэг тэргээр эрэн хайх, аврах болон тусламжийн ажиллагаа явуулж байна. Зам, гүүр эвдэрсэн тул зарим суурин газарт хүрэх боломжгүй болжээ.
Харин БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян гамшигт хамгийн их өртсөн Төвөдийн Жирон хошуунд очиж, аврах ажиллагаатай танилцан, гамшгийн үеийн шуурхай арга хэмжээг чиглүүлжээ. Хятадын тал мөн цэрэг, хагас цэрэгжсэн хүчний 500 орчим алба хаагчийг аврах ажиллагаанд дайчилсан байна.
Үүний зэрэгцээ Төвөдийн нутагт үерийн улмаас шинээр үүссэн нуурын усны түвшин нэмэгдэж, далан сэтэрвэл дахин хүчтэй үер болох эрсдэлтэй байгааг Хятадын Усны нөөцийн яам анхааруулжээ. Тус нуурт ойрын гурван хоногт дахин ойролцоогоор гурван сая шоо метр ус нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Мөн Энэтхэг улс Балбатай хил залгаа мужууддаа үерийн сэрэмжлүүлэг гаргаж, олон мянган иргэнийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Reuters, Associated Press (AP), Al Jazeera

