IRIM судалгааны хүрээлэнгээс төрийн байгууллагын ил тод байдлын үнэлгээг 2010 оноос хойш хийж ирсэн. Хамгийн сүүлд “Төрийн байгууллагын цахим ил тод байдлын индекс 2025” тайланг гаргажээ. Тайланд дурдсанаар Үндэсний Статистикийн Хороо нь “Цахим ил тод байдлын индекс”-ээр хэрэгжүүлэгч агентлагуудаас 1 дүгээр байрт эрэмбэлэгдсэн бол Татварын Ерөнхий Газар удаалжээ.
Үндэсний Статистикийн Хорооны хувьд мэдээлэл авах эрхийг бодитоор хангах байдал 93, нээлттэй өгөгдлийн ашиглагдахуйц байдал, шинжилгээ хийх, дахин ашиглах боломж 79, мэдээлэл авах эрх 65, нийт 79 оноогоор жагсаалтыг тэргүүлсэн байна.
Цахим ил тод байдлын индексийн зорилго нь төрийн байгууллагуудын цахим орчинд нийтэлж буй мэдээллийн хүртээмж, бүрэн байдал, стандартчилал, иргэдийн мэдээлэл авах эрхийн хэрэгжилтийн түвшнийг нэгдсэн тоон аргачлалаар үнэлж, төрийн байгууллагууд, бодлого боловсруулагчид болон иргэдэд нотолгоонд суурилсан мэдээлэл хүргэх, сайжруулалтын чиглэлийг тодорхойлох аж.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Дэлхийн банкны судалгаанд үндэслэн цахим ил тод байдал нь 4 үндсэн чиглэлд онцгой ач холбогдолтой гэж үздэг байна. Тухайлбал хариуцлагатай засаглалыг бэхжүүлэхэд, авлигатай тэмцэхэд чухал нөлөөтэй. Мөн мэдээллээр хангагдсан иргэд бодлого боловсруулалт болон шийдвэр гаргах үйл явцад илүү үр дүнтэй оролцох боломж олгохоос гадна төрийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг сайжруулж, иргэдийн мэдээлэл авах үйл явцыг хялбарчилдаг аж.

