“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал, найруулагч Б.Баатарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Тодруулбал, прокурорын саналыг үндэслэн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг 2026 оны Есдүгээр сарын 25-нд Б.Баатарт хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл буюу залилах, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан талаар прокурорын байгууллагаас мэдээлсэн байна. Өмнө нь Б.Баатарт холбогдох асуудлыг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газар тус тус шалгаж байсан бөгөөд хэргүүдийг нэгтгэн Тагнуулын ерөнхий газарт шалгаж байгаа талаар мэдээлсэн.

Харин Б.Баатарын өмгөөлөгчид түүнд авсан хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг эсэргүүцэж, шүүхэд ханджээ. Өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг 2026 оны Аравдугаар сарын 1-ний өдөр хэлэлцэхээр товлосон байна. Б.Баатарт холбогдох хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд түүний гэм буруутай эсэхийг шүүх тогтооно.

