Gerelnews
Post

Нийгэм

2026, 9-р сар 29}

Ж.Болдбаатар: Цэргийн ангиудад 1600 гаруй камер суурилуулсан

Л.АззаяаЛ.Аззаяа

Батлан хамгаалах яамнаас “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хэрэгжилт болон Зэвсэгт хүчний анги, салбаруудад хийсэн эрсдэлийн үнэлгээний талаар өнөөдөр /2026.09.29/ нэгдсэн мэдээлэл хийж байна. Энэ үеэр Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар Зэвсэгт хүчний хэмжээнд эрсдэлийн иж бүрэн үнэлгээ хийсэн талаар ярив.


Түүний хэлснээр, шалгалтаар 2100 гаруй эрсдэлийг илрүүлж, дөрвөн түвшнээр үнэлжээ. Эрсдэлийн үнэлгээнд цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндээс гадна зэвсэглэл, техник хэрэгсэл, сум галт хэрэглэл, барилга байгууламж, инженерийн дэд бүтэц, галын болон хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг асуудлыг хамруулсан байна. Илэрсэн эрсдэлийг бууруулах, арилгах арга хэмжээ авч байгаа ч тавьсан зорилтын хэрэгжилт анги, салбар бүрд харилцан адилгүй байгааг Ж.Болдбаатар хэллээ. “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хүрээнд долоон чиглэлээр ажиллаж байгаа аж.

Нэгдүгээрт, цэргийн ангид гарч буй дүрмийн бус харилцаанд “тэг хүлцэл” зарчим хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, дүрмийн бус харилцаа гаргасан төдийгүй түүнийг нуун дарагдуулсан алба хаагчид ч хариуцлага тооцохоор зохицуулжээ.

Хоёрдугаарт, цэргийн ангиудын хяналтад хөндлөнгийн давхар хяналт бий болгожээ. Тухайн ангийн удирдлагаас гадна Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдсэн төвөөс камерыг 24 цагийн турш хянах тогтолцоог бүрдүүлж байна. Энэ хүрээнд цэргийн анги, салбаруудад 1600 гаруй камер суурилуулсан талаар мэдээлэв.

Гуравдугаарт, технологийн шийдлийг ашиглан цэргийн алба хаагчдыг эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авч байна. Камер байрлуулах боломжгүй ариун цэврийн өрөө, усанд орох хэсэгт яаралтай тусламж дуудах “Онцгой товчлуур” байршуулж байгаа аж.

Дөрөвдүгээрт, цэргийн алба хаагчдын гомдол, мэдээллийг хүлээн авах “Цэргийн бамбай” аппликейшн нэвтрүүлж байна. Ингэснээр хугацаат цэргийн алба хаагчид ангийн удирдлагаас хараат бусаар гомдол, мэдээллээ нууцлалтай хүргүүлэх боломжтой болох юм.

Тавдугаарт, цэргийн ангиудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх ажлыг тогтмолжуулж байна. Ингэснээр ангийн нөхцөл байдал, дотоод уур амьсгал болон эрсдэлийг газар дээр нь илрүүлэх боломжтой гэж үзжээ.

Зургаадугаарт, цэргийн алба хаагчдыг сонгон шалгаруулах болон томилох үйл явцад сэтгэлзүйн нарийн шалгуур нэвтрүүлж байна. Энэ хүрээнд сэтгэл хөдлөлөө удирдах чадвар болон түрэмгий зан үйлийг тодорхойлох сэтгэлзүйн сорил авч байгаа бөгөөд тодорхой албан тушаалд томилогдох офицер, ахлагч болон хугацаат цэргийн албанд татагдах залуучуудыг хамруулахаар ажиллаж байна.

Долоодугаарт, цэргийн анги, байгууллагад иргэний нийгмийн хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлж байна. Энэ хүрээнд Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллаж байгаа талаар мэдээллээ. Хүний эрхийн чиглэлээр цэргийн алба хаагчдын мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж. Энэ хүрээнд 60 гаруй сургагч багш бэлтгэж, цэргийн анги, байгууллагуудад ажиллуулана. Бэлтгэгдсэн багш нар цэргийн алба хаагчдад хүний эрхийн талаар хичээл заах аж. Мөн 21 аймгийн цэргийн алба хаагчдыг хамруулсан хүний эрхийн судалгаа хийсэн байна. Судалгаагаар цэргийн алба хаагчдын 42 хувь нь хүний эрхийн талаар мэдлэгтэй гэсэн дүн гарсан талаар хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Цэргийн ангиудын нөхцөл сайжирч байна

Сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд цэргийн анги, салбаруудад хөрөнгө оруулалт хийгдсэнээр алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөл сайжирч байгаа талаар мөн ярив. Зарим ангийн байр, байгууламжийн нөхцөл сайжирч, дулааны асуудлыг шийдвэрлэсэн байна. Гэхдээ хөрөнгө оруулалт, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн анги, салбар бүрд харилцан адилгүй байгааг онцоллоо.

Ийнхүү “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хүрээнд эрсдэлийг илрүүлэх, хяналтыг сайжруулахын зэрэгцээ хүний эрхийн мэдлэг, сэтгэлзүйн үнэлгээ, цэргийн ангиудын орчин нөхцөл болон алба хаагчдын нийгмийн баталгаанд анхаарч ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!